Физикийн хичээлийн багийн анхдугаар олимпиад боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 14:16:59

Баянхонгор аймгийн Физикийн багш нарын “БОЗОН” холбоо, “Эрдэм” ахлах сургуулийн Байгалийн ухааны заах аргын нэгдэл хамтран Физикийн хичээлийн багийн анхдугаар олимпиадыг амжилттай зохион явуулжээ.

Олимпиадад 7-12 дугаар ангийн сурагчдын дунд анги тус бүрээс 10 сурагч бэлтгэсэн багшийн хамт нэг баг болгон оролцуулсан бөгөөд нийтдээ 34 багийн 340 сурагч багш нар хамрагдсан байна. Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд багшийн хөгжил, хүүхдийг авьяас сонирхол дээр нь тулгуурлан хөгжүүлэх талаар олон ажлууд хийж буйн нэг нь дээрх арга хэмжээ гэдгийг албаныхан хэлсэн. Багшийн ажлын чанар үр өгөөж нь тухай хүний арга зүй, мэргэжлийн тасралтгүй хөгжил, оношлогоо, үнэлгээ зэрэг олон зүйлээс шалтгаалдаг бөгөөд эдгээрийн харилцан хамаарал, үр дүнг тодорхойлоход хувь хүн болоод мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагаа зайлшгүй чухал байдгийг ч мөн онцлов.

Олимпиадад багийн нэгдсэн дүнгээр “Эрдэм” ахлах сургууль тэргүүлж, “Эрдэнэмандал” ахлах сургууль, “Номундалай” цогцолбор сургууль, “Сайн-Оюут” сургуулиуд удаалсан байна. Мөн шавь нараа сайн бэлтгэсэн багшийн шалгаруулалтад Тэргүүн байрыг “Эрдэм” ахлах сургуулийн Физикийн багш Г.Баярмаа, дэд байрыг “Номундалай” ахлах сургуулийн багш Ч.Цэцэгдэлгэр, гутгаар байрыг “Сайн-Оюут” ахлах сургуулийн багш Б.Анхцэцэг, “Номгон” ахлах сургуулийн багш Б.Оюунсүрэн нар эзэлжээ.

Тус олимпиад физикийн хичээлийг гүнзгийрүүлэн судалж байгаа болон ирээдүйн мэргэжлийн суурь болгохоор зорилго тавин сурч байгаа сурагчдын бэлтгэл болж буйгаараа онцлог юм байна.

Б.Мөнхзул

Related news