Уруудсан адуу зэргэлдээ аймаг руу орж болзошгүй тул отрын гэрээ байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-29 09:17:00

Цас зудны хажуугаар отрын адуу, адуучдын аюулгүй байдлыг хангахад аймаг орон нутгаас анхаарах шаардлага гарч байгааг хөдөөд ажилласан ажлын хэсэгт малчид хэлж байсан.Энэ дагуу аймгийн удирдлагууд отрын түр штаб байгуулж, зэргэлдээ Өмнөговь, Дорноговь аймгийн хил залгаа сумдтай отрын гэрээ хэлцэл хийхээр болжээ.  

Энэ өвөл Дундговь аймгийн баруун талын Дэлгэрхангай, Сайхан-Овоо сум, урагшаа Өлзийт сумын урд хэсгээр адуу голлон оторлож байгаа юм. Нэг дор адуу олноор төвлөрсөн нь хавартаа идээших бог малын бэлчээрийг талхалж, туурайн зуд нүүрлүүлж байгаа бөгөөд бэлчээр даган адуу урагшаа уруудах нь их байгаа ажээ. Уруудсан адуу Өлзийт сумаас зүүн урагш Хуурай номгоны говь, Жаран хайлаастын цав, Арслан хар цав хэмээх нутагт хүрсэн байна. Алслагдсан энэ  газруудад айл цөөтэй, оторчид газар нутаг мэдэхгүй, эргэж холбоо барих боломжгүй нөхцөлд яваа нь адуу, адуучдын аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй байгааг ар гэрийнхэн нь хэлж байгаа юм.

Цаашлаад Дорноговь, Өмнөговь аймгийн нутаг руу орохгүй гэх баталгаагүй тул хэрвээ адуу орж очсон тохиолдолд нутаг бэлчээрийн маргаан гаргахаас болгоомжилж, тухайн аймгуудтай отрын гэрээ хийх нь зүйтэй гэж үзсэн нь энэ ажээ.

Чоно борооноор гэдэг шиг цас зудны хүнд үеийг далимдуулан адууг шөвөгдөн алж, арьсыг нь хуулдаг хэрэг урьд нь олон удаа давтагдан гарч байсан. Энэ мэт эрсдлээс болгоомжлохын тулд отрын штабыг ч байгуулах юм байна.

Т. Отгонтуяа

 

Related news