Эрүүл мэндийн салбар, өнөөдөр 1980-аад оны түвшинд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-01-29 12:51:40

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нар өнөөдөр ЭМСЯ-ны байранд очиж энэ сарын 18-ны өдөр тус яамны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан болон иргэдийн өргөдлийн дагуу ажилласан талаар яамны удирдах албаны хүмүүстэй уулзаж мэдээлэл хийв.

Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, бодлогыг шинэчлэх, эмнэлгийн үйлчилгээг шуурхай хүртээмжтэй болгох, үзлэг оношлогоог чанаржуулах, тулгамдсан асуудлуудыг хөндөж 2015 онд тус Байнгын хороонд Дорнод, Ховд, Дархан-Уул, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай аймгийн иргэд, зарим өрхийн эмнэлгүүд, нийслэлийн БЗД, ХУД, СХД-ийн иргэд, ЭМН, байгууллагуудаас нийт 443 өргөдөл, санал, гомдол ирүүлсэн байна.

Уг асуудлаар Засгийн газар чиглэл өгөх тухай тус Байнгын хороо 2014 оны зургадугаар тогтоолын хэрэгжилт болон өргөдлүүдэд дурьдсан хүсэлтийн дагуу нийслэлийн зарим дүүргийн ЭМТ, нэгдсэн эмнэлэг, нэр бүхий хувийн эмнэлгүүдийн ажилтай газар дээр нь танилцаж, улсын клиник эмнэлэг, өрхийн эмнэлгүүдийн удирдах нөхөдтэй уулзаж санал солилцсон юм. Мөн Байнгын хорооны 06 тоот тогтоол болон иргэдийн өргөдлийн дагуу ЭМСЯ, МХЕГ-аас мэдээлэл авч ажиллажээ.

Иргэдийн өргөдөлд эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, стандартыг тогтвортой, тууштай хэрэгжүүлэх, үзлэг оношлогоог сайжруулах, тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэчлэх санал ирүүлжээ. Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэх тогтолцоог чанаржуулах, мэргэшүүлэх, эмч нарын хариуцлагыг дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, ажиллагсадын баталгааг хангах, дотоодын нийт бүтээгдэхүүний 5-6 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулах зэрэг олон асуудлыг хөнджээ.

Тус уулзалтын үеэр энэ бүхний хэрэгжилт ямар байсныг газар дээр нь очиж шалгахад зарим эмнэлэг эрүүл ахуйн стандарт шаардлага хангахгүй байгааг тодорхой баримттай дурдлаа. Тухайлбал, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, “Дотоодын нийт бүтээгдэхүүний 2 гаруйхан хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа нь огт хангалтгүй бөгөөд 4-5 хувьд хүргэж байж энэ салбар босч ирнэ. Өнөөдөр Эрүүл мэндийн салбар өнгөрсөн зууны 80-аад оны түвшинд байна. Шинэчлэлт хийхгүй бол эрүүл мэндийн эрх чөлөө алга, Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын хоолойг нь боочихоод байгааг эрс шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарлаа. ЭМ-ийн тусламж үйлчилгээний хуулийн хүрээнд эмнэлгүүд Удирдах зөвлөлтэй байж асуудлыг хараат бусаар шийдвэрлэдэг болох ёстой. ЭМД-ын Сангаас анхан шатны байгууллагууд, өрхийн эмнэлгүүдэд мөнгө очихгүй байна. Өнөөдөр өрхийн эмнэлэг нь сургууль төгссөн залуу эмч нарын дадлагын талбар, нүүдлийн шувуу буудаг газар шиг болжээ” хэмээн онцолж байв.

Д.Өлзий 

Related news