Олон нийтийн цагдаагийн урамшуулал нэмэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-02 12:38:17

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат аймгийн Цагдаагийн газрын дарга, Олон нийтийн цагдаагийн 15 ажилтантай хөдөлмөрийн гурвалсан гэрээ байгуулав. Тус гэрээнд Олон нийтийн цагдаа нарын цалин урамшуулал, хувцасны хангамж, сургалт сурталчилгаа зэрэг тэдний хийж гүйцэтгэх гол ажлуудыг тусгасан байна.

Нутгийн өөрөө удирдах байгууллага гэмт хэрэг зөрчлөөс урьчилан сэргийлж  нийтийн хэв журам сахиулахад хэсгийн байцаагчийн удирдлагад олон нийтийн цагдаагийн ажилтныг хариуцсан багийн нутаг дэвсгэрт ажиллуулдаг. Өнгөрсөн онд Олон нийтийн цагдаагийн ажилтнуудад ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицууах зөвлөлөөс 30 орчим сая төгрөгийн урамшуулал олгосон. Энэ тоо нь ажилтнуудын тоонд хувааж үзвэл цалингийн доод хэмжээ буюу сарын 192 мянган төгрөгийн урамшуулал авчээ. Мөн улиралд нэг удаа 5-20 хувийн урамшуулал нэмэгддэг байсан бол харин энэ жилийн хувьд орон тоог багасгаж урамшууллыг нэмэгдүүлснээр тэдний ажлын үр дүн чанаржиж сарын 280 мянган төгрөгийн урамшуулал олгож үр дүнгийн нэмэгдэл олгох асуудлыг энэ сарын 15-нд хуралдах аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон тухай ИТХ-ын дарга П.Эрдэнэбат ярилаа.

2015 онд аймгийн хэмжээнд 25 олон нийтийн цагдаагийн ажилтан хариуцсан багийн нутаг дэвсгэртээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон нийтийн хэв журам сахиулах чиглэлээр хэсгийн байцаагчийн удирдлагад байгууллага, иргэдээс 536 дуудлага хүлээн авч ажилласан байна. Тэд гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч “Сар шинэ”, “Илрүүлэлт-Оргодол 2015”, “Цахим тоглоом”, “Галт тэрэг”, “Тамхины аян”,”Ногоон гэрэл цагаан шугам”, “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон-2”, “Гэр оронгүй тэнэмэл иргэн-3” зэрэг 16 удаагийн ерөнхий, 84 удаагийн тусгай, найман удаагийн нэг бүрчилсэн ажлыг зохион байгуулахад идэвх санаачлагатай оролцож ажилласан гэж үнэллээ.

                                     Б.Норовсамбуу

Related news