Ахмадын хоёр байгууллагын үйл ажиллагаанд санхүүжилтийг хуваан олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-02 13:03:48

Дундговь аймгийн Ахмадын хороо жилд 32 сая төгрөгийн санхүүжилтийг аймгийн Засаг даргаас авч үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна. Энэ санхүүжилтыг зөвхөн Ахмадын хороо бус Ахмадын чөлөөт холбооны салбарын үйл ажиллагаанд хуваан олгоно гэдэг байр суурийг Засаг дарга илэрхийллээ.

Ахмадын хоёр байгууллага ямар үйл ажиллагаа явуулахад хэдэн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаагаа төсөл болгон боловсруулж, үүний нь дагуу санхүүжилтыг тухай бүрд нь олгоно. Ингэж ахмадуудад чиглэсэн үйл ажиллагааг л санхүүжүүлэхээс бус цалин урамшуулалыг санхүүжүүлэхгүй гэдэг тайлбарыг өгч байгаа юм.

Ийм байр суурь илэрхийлэх болсон шалтгаан нь өнгөрсөн онд Ахмадын хороо санхүүжилтийнхээ 43 хувийг авч, санхүүжилтээ бүрэн авч чадахгүй байгаа талаар санал гомдлоо ахмадууд Засаг даргад байнга хандуулж байсан. Түүнчлэн Ахмадын чөлөөт холбоонд санхүүжилтыг  шилжүүлэх гэж байна, ингэснээр  ахмадуудыг талцуулж байна гэдэг шүүмжлэл ч өрнөж байсан юм.

Тэрээр саяхан Засаг даргын ахмадын зөвлөх багтайгаа уулзаж, ахмадын байгууллагын санхүүжилтийн талаар санал солилцсон бөгөөд дээрхи шийдвэр зөвлөх багаас нь дэмжигдэж гарсан гэдгийг хэлж байна.

Өнгөрсөн оны хувьд аймгийн ахмадын хороо санхүүжилтээ бүрэн авч чадаагүй ч Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээ 96 хувьтай биелүүлж, жилийн  ажлын төлөвлөгөөгөө 86 хувь хэрэгжүүлжээ.

Т. Отгонтуяа

 

 

Related news