2.5 сая тонн шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай боловсруулах үйлдвэр барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-02 14:21:35

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих шийдвэрийг Засгийн газраас өчигдөр гаргасан талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад өнөөдөр мэдээлэл хийв.

10 гаруй жил ярьсан ч тодорхой үр дүнд хүрээгүй, өнөөг хүртэл хэрэгжээгүй байсан газрын тосны боловсруулах үйлдвэрийн ажил гацаанаас гарах нь. Засгийн газраас өмнө нь үйлдвэр байгуулах байршил, боломж нөхцлийг судлах, урьдчилсан ТЭЗҮ боловсруулах үүргийг холбогдох яаманд өгөөд байсан. Харин уг ажил дуусч, ТЭЗҮ боловсруулж дууссан учир Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар үйлдвэрийн ажлыг эхлүүлэх шийдвэр гарчээ. 

Энэ оны 3, 4 дүгээр улиралд багтаан боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах үндэсний компанийн оролцсон консорциумыг сонгон, уралдаант шалгаруулалт зохион байгуулах, тус төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын хэлэлцээ хийж, ТЭЗҮ, хөрөнгө оруулагчдаа тогтоох аж. Улмаар 2016 онд багтаан Газрын тосны боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Бүтээн байгуулалт нийт 4 жил үргэлжлэх бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор 2021 оноос газрын тосны бүтээгдэхүүний импортын хэмжээ буурч гадаад худалдааны тэнцлийн ашиг нэмэгдэх, ажлын байр олноор бий болох, газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарах зэрэг олон эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Боловсруулах үйлдвэрийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай маш олон жил ярьсан өнөөг хүртэл хэрэгжээгүй. Энэ нь юутай холбоотой байв?

-Яах аргагүй олон жил үргэлжилсэн яриа. Тусгай зөвшөөрөл авсан 10 гаруй компани байсан ч харамсалтай нь нэг ч үйлдвэр бариагүй. Энэ нь Засгийн газраас шалтгаалаагүй зүйл байсан. Үйлдвэр барих боломж тэр компаниудад бүрэн байсан ч хэрэгжүүлээгүй нь үндсэн түүхий эддээ тулгуурласан шийдвэрий гаргаж чадаагүйтэй холбоотой гэж  би харж байгаа.

Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлийн олон шийдвэр УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарч байсан. Энэ дунд стратегийн үйлдвэрээ дотоодынхоо түүхий эддээ тулгуурлаж өөрсдөө хөрөнгө оруулалт босгож барих нь зөв гэсэн шийдвэр гарсан байсан. Үүний дагуу Засгийн газар шийдвэрээ тодорхой болгож гаргалаа. Энэ үйлдвэр дотоодынхоо нөөцөд тулгуурласан үйлдвэр байна.

-Үйлдвэр барих байршлыг хэрхэн сонгосон вэ?

-Урьдчилсан ТЭЗҮ-ээр Чойр, Сайншанд, Бор-Өндөр, Чойбалсан зэрэг таван байршил сонгосон байсан. Үүнээс хамгийн ашигтай нь Бор-Өндөр сум гэж тодорхойлсон. Усны нөөцийн хувьд ч, Дорнодоос түүхий нефть татах шугам хоолой татах боломж, эдийн засгийн үр өгөөж,  ложистикийн хувьд хамгийн ашигтай байршил болж буй учраас шийдвэр ингэж гарч байна.

-Үйлдвэрийн хүчин чадал ямар байх вэ?

-Монгол Улсын нефтийн жилийн хэрэглээ 1.2 сая тонноор хэмжигддэг. Харин энэ үйлдвэр нийт 2.5 сая тонн шатахуун үйлдвэрлэх бололцоотой гэж тооцож байгаа.  

-Бүтээн байгуулалт хэзээнээс эхлэх төлөвтэй байна вэ? 

-Сар шинийн дараа Дорнодын газрын тосны түүхий нефтийн олборлолттой болон үйлдвэр барих газар дээр очиж танилцана. Бүтээн байгуулалтад хөрөнгө оруулагчдаа сонгон шалгаруулж, ТЭЗҮ-ээ эцсийн байдлаар баталсны дараа үйлдвэр барих ажлыг 2016 ондоо багтааж эхлүүлнэ. Одоо энэ үйлдвэрийн стратегийн үйлдвэр нэгдсэн бодлогоо гаргаж, үндсэн судалгаагаа хийж дуусгасан учир ямар нэг саад гарахгүй. 

-Боловсруулах үйлдвэрт төр хэрхэн оролцох бол? 

-Цэвэр үйлдвэрлэл нь бол хувийн хувийн хэвшлийн консерциум дээр тулгуурлагдсан хөрөнгө оруулалтаар явна. Үүнд төр оролцохгүй. Оролцох нэг хувилбар байж болно. Энэ бол хяналтын алтан хувьцаа эзэмшигч байж болно гэж харж байна. Харин түүхий нефть дамжуулах хоолой нь төрийн мэдэлд байна. Үүнийг бид концессийн төслөөр хийнэ. Нэгдсэн бодлогын хүрээнд бүх талууд ижил тэгш оролцох гарааны нөхцөлийг бий болгосон. Ажлын явцын талаар аж үйлдвэрийн яам тодорхой мэдээлэл өгч байна. 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал 

 

Related news