Монгол хэлний анхны цахим тайлбар толийг ашиглах боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-02 14:36:53

Монгол хэлний их тайлбар цахим толийн гар утасны хувилбарыг танилцуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран Монгол хэлний их тайлбар толийг 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын хооронд бүтээснийг ийнхүү цахим хувилбарт шилжүүлсэн нь энэ юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан энэ үеэр хэлэхдээ “Монгол хэлний анхны их тайлбар цахим толь нь 60 мянга гаруй толгой үг, 80 мянга гаруй хоршоо, холбоо үг, нийтдээ 140 мянган үг агуулсан. Үүний дээр уг толийг цаашид ч байнга баяжуулж хөгжүүлэх боломжтой. Ингэхийн тулд www.монголтоль.мон, www.mongoltoli.mn гэсэн хаяг бүхий веб сайт руу орж бүртгүүлээд иргэд шинэ үг нэмж оруулах боломжтой юм. Цаашид энэ толио хамтын оюун ухаанаар баяжуулаад явах юм" гэв.

Өнөөдрөөс эхлэн Андройд үйлдлийн систем болон таблет-д зориулсан гар утасны хувилбарыг, 20 хоногийн дараагаас iOS үйлдлийн системд зориулсан хувилбарыг хэрэглэгчид хүлээн авахаар боллоо.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news