“Whatsapp”-ыг хэрэглэгчдийн тоо 1 тэрбум давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-02 15:02:35

ЛОС-АНЖЕЛЕС. /TASS/. Гар утсаар захидал солилцдог программ болох “WhatsApp”-ыг хэрэглэгчдийн тоо 1 тэрбум давсан тухай “Facebook” нийгмийн сүлжээг үндэслэгч Марк Цукерберг тус сүлжээн дэх хуудсандаа бичжээ. “WhatsApp”-ыг “Facebook” компани 2014 онд худалдаж авсан билээ.

“Одоогийн байдлаар “Whatsapp”-ыг нэг тэрбум хүн хэрэглэж байна. Нэг тэрбум гаруй хүн хоорондоо холбоо тогтоож байгаа ердөө хэдхэн программ байдаг. Энэ нь дэлхий ертөнц бүхэлдээ холбоо тогтооход чухал алхам болно”  гэж Цукерберг бичжээ.

Энэ оны нэгдүгээр сараас эхлэн “WhatsApp”–ыг үнэгүй татаж авах боломжтой болсон байна. Урьд нь зарим хэрэглэгчид уг программыг ашигласны төлбөрт жилд 0.99 доллар төлдөг байжээ. “WhatsApp” нь дэлхийн томоохон орнуудад сар бүр идэвхтэй хэрэглэгчдийн тоогоор мессенжэрүүдийн жагсаалтыг тэргүүлж байна. Уг программыг АНУ, Латин Америк болон Европын орнуудад, мөн ОХУ-д өргөнөөр хэрэглэдэг. Харин Азийн томоохон орнуудад дотоодын программууд тэргүүлж байна. Тухайлбал, Хятадад “WeChat”-ыг ихэвчлэн ашигладаг бол Японд “LINE”, харин Өмнөд Солонгост “KakaoTalk” нэгдүгээрт оржээ.

Д.Жаргал

 

Related news