Цэцийн үйл ажиллагааг цахимжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-02 15:24:11

Иргэний үндсэн эрхийн хяналт, баталгааг сайжруулах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг цахимжуулахаар ажиллаж байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2008 оноос Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/-д шийдвэрээ байршуулж, олон нийтэд хүргэж ирсэн. Цэц өөрийн үйл ажиллагааг цахимжуулан, техник, технологийн хангамжийг сайжруулах зорилгоор төсөв хүссэн ч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа юм. Тиймээс Цэцэд ирж буй өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч бүртгэхээс эхлээд гишүүнд хуваарилах болон магадлан шалгах, цэцийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэлх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд мэдээллийг бүртгэж, боловсруулах Мэдээлэл, технологийн төсөл боловсруулан, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Олон улсын байгууллага, санд хандаад байгаа аж.  

Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг цахимжуулснаар иргэдийн үндсэн эрхийн хяналт, баталгаа сайжирч, орон нутгаас өргөдөл, мэдээлэл гаргах үйл явц хялбаршин, мэдээллийн ил тод байдал хангагдах боломж бүрдэх юм.

Н.Туяа 

Related news