Зарим ажлын гүйцэтгэгчийг ирэх сарын 1 гэхэд тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 17:06:14

Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, Засаг дарга Д.Тогтохсүрэн нар сар бүрийн эхний өдөр хэвлэлийнхэнтэй уулзаж, иргэдэд аймаг, орон нутгийн мэдээллийг өгдөг уламжлалтай.

2 сарын 1-ний өдрийн уулзалтаар аймгийн удирдлагууд 2016 онд хийгдэх зарим ажлыг танилцууллаа. Энэ онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Бат-Өлзий сумын 75 хүүхдийн цэцэрлэг, Арвайхээр сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж, Баян-Өндөр сумын хүүхдийн цэцэрлэгийг өргөтгөх, Арвайхээр суманд 3 өрхийн эмнэлгийг бий болгох зэрэг цөөн ажлыг хийж гүйцэтгэх аж. Эдгээр ажлын зураг төслийг хийж дуусгаад байгаа ба 3 сарын 1 гэхэд гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлах юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлж, он дамжаад байгаа 928 хүүхдийн суудалтай Мэргэд сургууль, Уянга сумын Соёлын төв, Есөнзүйл сумын бага сургууль, Хархорин сумын Спортын ордон зэрэг  барилгын хөрөнгө оруулалтыг төрөөс энэ онд үргэлжлүүлэн олгох гэнэ.

Өвөлжилтийн хувьд Нарийнтээл сум, Уянга сумын Жаргалант, Бадрал багийн нутаг дэвсгэр зудын байдалтай байгаа. Нөхцөл байдлыг аймгийн Онцгой комиссын дарга нар газар дээр нь очиж ажиллан 17 орчим сая төгрөгийг шийдвэрлэж, Сант сум дахь Улсын нөөцийн салбараас 40 тонн өвс татан хүргүүлсэн болохыг Засаг дарга хэллээ.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Related news