Хүүхдийн тасаг гурав дахин ачаалалтай ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-03 09:24:37
oyuka_hu@yahoo.com

Томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаатай холбоотойгоор Орхон аймгийн БОЭТ-ийн 35 ортой Хүүхдийн тасаг 104 хүүхэдтэй буюу гурав дахин ачаалалтай ажиллаж байна. Эм, тарианы нөөц багасч, эмч, сувилагчдын хүрэлцээ ч дутмаг байна. 

Хүүхдийн тасаг өнөөдрийн байдлаар өдөрт 200-300, долоо хоногт 500-600 орчим хүүхдэд үйлчилж байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлт өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Халдвартын тасагт нэмэлт 15 ор гаргасан ч Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотойгоор оны өмнө татан буулгажээ. Иймд Хавдарын тасгийн хоёр кабинетийг суллан, нэмэлт 15 ор  байрлуулсан байна. Мөн өнгөрсөн долоо хоногоос эхлэн Нөхөн сэргээх тасагт арван ор гаргажээ. Гэхдээ энэ нь хангалтгүй тул  энэ долоо хоногоос Дэнж багт байрлах Дотрын тасагт дахин 20 ор байрлуулахаар болов. Нэмэлтээр гаргах орны хүрэлцээ хангалттай ч сандал, шүүгээ зэрэг бусад эд хэрэгслийн дутмаг байгаа ажээ. Мөн 103 дугаарт ирж буй дуудлагын 60 орчим хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байгаа гэнэ. Иймд Засаг даргын захирамжаар шатахуун болон бусад асуудлыг шийдэхээр болов.

Б.Оюун-Эрдэнэ 

Related news