УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-05 19:07:57

УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. Энэ чуулган ажлын 90 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын болон дэд хороод давхардсан тоогоор 131 удаа хуралдаж, нийт 412 хууль, 65 тогтоол хэлэлцэн баталжээ.

Намрын чуулганы хаалтыг хийхээс өмнө Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Тээврийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг тус тус баталсан юм.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох , Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлан, Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Улмаар УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэн баталсаны дараа УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм.  Тэрбээр “Энэ чуулганаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай, Хамтын тэтгэврийн тухай, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай, Сонгуулийн тухай, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай зэрэг бие даасан чухал хуулиудыг баталлаа.

Хувь хүний орлогын албан татварын тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай, Төрийн албаны тухай зэрэг хуулиудад холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулжээ.

Сонгуулийн хуулийг шинэчлэн баталснаар Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой харилцааг нэг хуулиар зохицуулж, эдгээр сонгуулийг нэг ижил хугацаанд явуулж байхаар тогтоож, үндсэн зарчим, журмыг нэг мөр тодорхойлж өглөө.

Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хамгаалах, шударга ёсыг тогтооход голлох үүрэг гүйцэтгэдэг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталж, Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг Улсын Их Хурлын тогтоолоор баталж Тариалангийн тухай хуулийг баталлаа" гэв.

Ийнхүү  УИХ-ын бүрэн эрхийн хугацааны отгон намрын чуулган өндөрлөлөө.

Н.Туяа

Related news