Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-05 21:19:57

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн мэдүүлэв.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 4.2.5-д заасан стратегийг ҮАБЗ боловсруулах бөгөөд Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусган УИХ-аар батлуулж хэрэгжүүлэхээр тусгасан. Ингэснээр үзэл баримтлалыг хэрэгжүүлэх механизм бүрдэнэ гэж үзжээ.

Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бусад хууль хууль тогтоомжтой уялдсан. Хуулийн төсөлтэй холбогдуулан одоо мөрдөж буй Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох шаардлагатай тул холбогдох хуулиудын төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Related news