Төрийн одонгийн мялаалгаа төрөлх сургуульдаа ном хандивлаж тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dogsom@montsame.mn
2016-02-06 19:08:56

АНУ-ын Чикаго хотод аж төрөн суугаа сэтгүүлч Д.Уранзул оны босгон дээр Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор  энгэрээ мялаажээ. Тэрбээр одонгийн мялаалгаа өвөрмөц маягаар тэмдэглэхээр сэтгүүлч, зохиолч Б.Номинчимэдэд хандаж түүний орчуулгын бүтээл болох  Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын "Эрдэнэсийн сан- 108 цуврал"-аас төрөлх сургуулдаа бэлэг болгон өгөхийг хүсчээ.

Тэрбээр 1974 онд   Их  жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Хоёрдугаар сургуулийн алтан босгыг алхаж анхны "А" үсэг заалгаж эрдмийн гараагаа эхэлсэн сургуулийнхаа  номын санд 1.1 сая төгрөгийн ном хандивлав.  
Сургуулийн захирал Л.Цэнгэлмаа, ахлах багш Дэлэг, сургалтын менежер, номын санч, ахлах ангийн зарим сурагчдын өргөн бүрэлдхүүнтэйгээр бэлгийн номоо хүлээн авч баярласан талархснаа  илэрхийлэв. 
Тус сургуулийн захирал Л.Цэнгэлмаа  "Монголын олон олон  эрдэмтэн, сэхээтнүүд  манай сургуулийг төгссөн байдаг. Тэдний нэг сэтгүүлч Д.Уранзул өнөөдөр сургуулийнхаа номын санд дэлхийн хүүхдийн сонгодог бүтээлийг эх хэлээр хөрвүүлж хэвлэсэн цуврал бүтээл бэлэглэж буйд  нийт сурагч, багш нарынхаа өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байна. Дэлхийн хөгжилтэй орнуудын хүүхэд багачуудын уншдаг эдгээр сонгодог зохиолууд бол манай хүүхдүүдийн мэдлэг оюуны санд оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм.

 Бид хөрөнгө оруулалтыг ихэнхдээ материаллаг талаас нь хардаг. Харин ном соёл, гэгээрэл бол хамгийн үнэтэйд тооцогддог. Учир нь эдгээр номоос авсан мэдлэг, чадвар, ухаарал, гоо зүй ёс суртхууны хүмүүжил манай хүүхдүүдийг насан туршид нь дагалдаж явдаг учраас тэр билээ" гэсэн юм. 
Мөн тус сургуулийн 1984 оны төгсөгч Баттөгс  өөрийн эрхлэн гаргасан "Байгалийн Шинжлэх ухаан" номоо ч энэ үеэр хандивласан юм.
 Мөн сурагчдынхаа дунд Номын сайн нөхөр, Сайн уншигч хамт олныг шалгаруулах арга хэмжээг 1984 оны төгсөгчдийнхөө хамт зохион байгуулж, үр дүнг нь эргэж тайлагнана гэв.
Номын санч нь бэлгэнд ирсэн эдгээр номуудыг дансалж амжихаас нь  өмнө хүүхдүүд хэд хэдээр нь уншихаар авч одов. 
Сэтгүүлч Д.Уранзул нь тус сургуулийн Бүлгэмийн зөвлөлийн дарга, урлаг, уран сайхны ажилд идэвхтэй оролцдог, Пионер сурагчдын урлагийн үзлэгийн алтан медальт дуучин сурагч байсныг ахмад багш Дэлэг дурсан ярьж байв.


Б.Номинчимэд
Уран Зул, Баттөгс Жалайр

Related news