Парисын “Их дуулга” тэмцээнээс 3 мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-02-07 09:52:16

Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-ны Парисын “Их дуулга-2016” тэмцээний эхний өдөр Монголын жүдочдоос М.Уранцэцэг, Д.Сумьяа, Д.Төмөрхүлэг нар мөнгөн медаль хүртлээ.

"Их дуулга" тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг нь Франц, Серб, Японы тамирчдыг дараалан ялж, аваргын төлөөх барилдаанд нутаг нэгт Г.Отгонцэцэг/Казахстан улсын өмнөөс барилдаж байгаа/-т юүко үнэлгээгээр ялагдаж мөнгөн медаль хүртжээ.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Д.Сумьяа Их Британи, Франц, Бразилын жүдочдыг дараалан цэвэр ялж, алтан медалийн төлөө БНСУ-ын жүдочтой барилдаж цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болов.

Харин эрэгтэйчүүдийн 66 кг-д гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг Аргентин, Франц, БНСУ, Словенийн тамирчдыг дараалан ялж мөнгөн медалийн болзол хангав. Тэрбээр аваргын төлөө Японы тамирчин Эбинума Масаши-д цэвэр ялагдлаа.

Мөн эмэгтэй 63 кг-д Ц.Мөнхзаяа тав, 73 кг-д С.Ням-Очир долдугаар байрт тус тус шалгарлаа. Тэмцээний эхний өдрийн байдлаар манай тамирчид багаараа зургадугаар байр эзэлж байна.

Д.Өлзий

Related news