Бээжин дэх Монгол судлаач,эрдэмтэдтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-07 10:58:42

Билгийн тооллын Сар шинийн баярыг угтан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас Бээжин дэх Монгол судлаач, Монголч эрдэмтэдтэй өнгөрөгч сарын 28-ны өдөр уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтад Хятадын Төвийн үндэстний их сургууль, Нийгмийн Шинжлэх ухааны академийн Үндэстэн судалгааны хүрээлэн, Монгол судлалын төв, Бээжин Их сургууль, Хятадын Орчин үеийн олон улсын харилцаа судлалын хүрээлэн, Хятадын үндэстний орчуулгын товчоо, Хятадын олон улсын радио, Төвийн телевиз, Үндэстний хэвлэлийн газрын Монгол хэлний редакц зэрэг Монгол судлалын чиглэлээр судалгаа хийж буй байгууллагуудын 30 орчим эрдэмтэн судлаачийг урьж оролцуулав. 

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол-Хятадын харилцааны өнөөгийн байдлын талаар болон Монгол Улсын Төр, засгийн зүгээс Монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. Тухайлбал, Монгол судлалын хөгжлийг дэмжих хүрээнд Монгол судлалын үндэсний хөтөлбөрийг гаргаж, Монгол судлалын Үндэсний зөвлөл, Монгол судлалыг дэмжих санг тус тус байгуулсан, мөн энэ оны 8 дугаар сард Олон улсын Монгол судлалын холбооны 11 дүгээр их хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж буй талаар мэдээлэв.

Уулзалтад оролцсон эрдэмтэд энэхүү арга хэмжээг ЭСЯ-наас санаачлан зохион байгуулж буйд талархал илэрхийлээд,  өөрсдийн болон байгууллагынхаа Монгол судлалын чиглэлээр хийж буй ажлыг танилцуулав.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Ц.Сүхбаатар Монгол судлалын Үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Заяабаатараас ирүүлсэн “Юань гүрний судар” цуврал номыг Хятадын судалгааны байгууллагуудын төлөөлөлд гардуулан өгч, Монгол үндэсний идээ, хоолоор хүндэт зочдоо дайлав.

Бээжин хот.Д.Энхчимэг

Related news