Аймгийн Засаг дарга сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-08 10:07:15

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар  өвлийг өнтэй давж, цагаан сарын шинийн нэгнийг бэлгэ ерөөл дүүрэн угтаж байгаа нутгийн түмэндээ 17 дугаар жарны гал бичин жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр дэвшүүлсэн мэндчилгээндээ “Монголчуудын уламжлалт их баяр Цагаан сараар буцаж буй буурал жилийнхээ ажил амжилтыг дүгнэж, морилон ирж буй жилээ буянтай жил хэмээн бэлэгшээн угтдаг сайхан заншилтай. 
Хөвсгөлчүүд бид модон хонин жилдээ хөдөлмөр бүтээлээ төр засгаар үнэлүүлж, Сүхбаатарын одонгоор шагнууллаа. Хэтийн хөгжлөө урт хугацаагаар төлөвлөж, “Хөгжсөн Хөвсгөл 2016-2030” хөтөлбөр батлуулж, авилгын эсрэг үйл ажиллагаагаар улсад 3 дугаар байр, худалдан авах ажиллагааг цахим болгосон амжилтаараа улсад 1 дүгээр байр эзэлж, төр иргэний хамтын ажиллагааг сайжруулах, иргэддээ төрийн үйлчилгээг хүргэх хөтөлбөр хэргжүүлэн малчны хотонд төрийн цогц үйлчилгээг хүргэж ажиллалаа.
Ирээдүй хойч залуу үеэ дэмжиж 2015 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, бүх нийтээр залуучуудаа дэмжин, хамтран ажиллах санаачлагыг өрнүүлж нийт 72 мянган залуусыг хамруулсан олон талт арга хэмжээг зохион байгууллаа. Нүүдэлчин Монголчуудын үнэт өв болсон буянт мал сүргээ өсгөн үржүүлж 4.4 сая толгойд хүргэн, улсын хэмжээнд 4 дүгээр байр эзэлж, дархад омгийн хонийг “Дархад үүлдэр” болгон баталгаажуулж, малчид маань хээлтүүлэгч мал өсгөн үржүүлж, цөм сүрэг бүрдүүлэх боломжтой боллоо.
Хонин жилд 146 мянгат малчин шинээр төрж, 50 малчныг аймаг орон нутгийн зүгээс алдаршуулан “Аймгийн сайн малчин”-аар өргөмжлөв.
Тариа буудайн арвин ургацыг хураан, өөрсдийн үйлдвэрлэсэн гурилаар дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаж, Хөвсгөл “Алтан-дуулга” компани өөрийн гуриландаа анх удаа Монгол улсын үндэсний тохирлын тэмдгийг авч эрүүл хүнсээр иргэдийг найдвартай хангах боломж бүрдлээ.
Аймгийн Засаг даргын зүгээс “Хүүхэд бүрийг хөгжүүлье, эрүүл аюулгүй орчинтой болгоё, багшийг хөгжүүлж сургалтын үр дүнг сайжруулж, Хүүхдэд ээлтэй аймаг болох зорилт тавин ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллав.
Гадаад харилцаа хамтын ажиллагааг эдийн засагжуулж, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх талаар Кувэйтийн Засгийн газар, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаар болсон нь аймаг орон нутаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг боломж гэж үзэж байна.
Модон хонин жилд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, “Шинэ Мөрөн” хөтөлбөр амжилттай хэрэгжин, дунд тойргийн 9,8 км зам, орон сууцны хорооллууд баригдаж, Мөрөн хот өдрөөс өдөрт өнгөжин тэлж байна.
Хөвсгөл аймаг 2016 оныг “Гэр бүл-Хүүхдийн хөгжил”-ийг дэмжих жил болгон бүх нийтийн оролцоог хангасан эдийн засаг, нийгмийн олон талт арга хэмжээг 8 төрлийн хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлэхээр батлуулан ажиллаж байна.
Хоймор заяат Хөвсгөлчүүдийн аз хийморь өдөө байж, морилон ирж буй гал бичин жил өгөөж буянаа хайрлаж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын ерөөл өргөе” гэжээ.

Б.Гантуяа

 

Related news