Аймгийн сайн малчнаар 41 малчин шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-08 23:24:17

17-р жарны Модон хонин жилийн Хэнтий аймгийн сайн малчин, аймгийн хамгийн олон малтай малчдыг алдаршууллаа. Мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, 2015 онд ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн 41 малчныг “Аймгийн сайн малчин”-аар шалгаруулав.

Тус үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга С. Пүрэвжав, аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ө. Цогбадрах, ЗДТГ-ын дарга М. Болд, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Төрийн байгуулалт хууль, зүйн хорооны дарга Д. Аюурбунь, Төсөв санхүү, эдийн засаг өмчийн хорооны дарга Ч. Амгалан нар оролцов.

Аймгийн сайн малчин, малын 5 төрлөөр хамгийн олон малтай 25 малчин , нэгтариаланч хамт олон, хоёр тэргүүний тариаланч, хоёр тэргүүний ногоочин шалгарчээ. Аймгийн сайн малчнаар Галшар сумын малчин Ням-Очирын Гансүх, Осоржамын Баярхүү, Баянхутаг сумын малчин Энхтайваны Цолмонбаатар, Лувсандаржаагийн Цог, Баянмөнх сумын малчин Шагдарсүрэнгийн Дэмбэрэлдовд, Базарын Алтанзаяа, Дархан сумын малчин Нямбуугийн Төвжаргал, Түвдэнсамбуугийн Ганбаатар, Дэлгэрхаан сумын малчин Дашцэрэнгийн Гантулга, Минжүүрийн Амгаланбаатар зэрэг нийт 41 малчин шалгарчээ.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “Хамгийн олон малтай малчдыг шалгаруулан алдаршуулах журам”-ыг Тэргүүлэгчдийн хуралдаанаараа баталж, хоёр дахь жилдээ олон малтай малчдыг алдаршуулж байгаа нь бусад аймгуудаас онцлог үйл явдал болж байгаа гэж албаныхан онцоллоо.

 Мөн аймгийн хамгийн олон хоньтой малчнаар Баянцогт багийн Монгол Улсын гавьяат малчин Г.Сампил 3408 толгой хонь, хамгийн олон ямаатай малчнаар Гичгэнэ багийн малчин Ц.Төмөрсүх 2024 толгой ямаатайгаар шалгарч, шагнагдлаа. Хамгийн олон адуутай малчин Мөрөн сумын Зөөлөн багийн малчин Жамцын Даваажав, Хамгийн олон тэмээтэй малчин Дархан сумын Дотуур булаг багийн малчин Нямбуугийн  Төвжаргал, Хамгийн олон үхэртэй малчин Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн  малчин До. Дашзэвэг нар шалгарлаа.

О.Буянхишиг

 

Related news