Байгууллагуудын удирлагууд эрүүл мэндийн сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-10 21:36:01

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран албан байгууллагын удирдлагуудын дунд нийт албан хаагчид, ажиллагсадын эрүүл мэндийг сайжруулах үүднээс энэхүү сургалтыг зохион байгуулав.  

Энэхүү сургалтаар ажилчдынхаа эрүүл мэндийг хэрхэн сайжруулах, зарим ажлын байранд өртөж болзошгүй өвчлөлүүдээс яаж сэргийлэх вэ гэх зэрэг сэдвээр нээлттэй мэдээлэл солилцсон юм. “Бидний зохион байгуулж байгаа энэхүү сургалтанд нийт 40 гаруй байгууллагын удирдлагууд оролцлоо. Ажилчдынхаа эрүүл мэндийг сайжруулахад тус байгууллагын дарга эрхлэгч нар чухал үүрэгтэй юм. Байгууллагынхаа нэг жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд ажилчдынхаа эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр ямар ажил хийхээ урьдчилан төлөвлөх хэрэгтэй. Мөн байгууллагын хөдөлмөрийн үр дүн тэнд ажиллаж байгаа иргэдээс шалтгаалдаг учраас ажилчдын эрүүл мэнд сайн байж тухайн байгууллага амжилттай ажилладаг гэдгийг олон улсын эрдэмтэд судалгаагаар гаргаж ирсэн байдаг. Тиймээс байгууллагууд амжилттай байхын тулд ажилчдынхаа эрүүл мэндэд хэрхэн анхаарах талаар чиглэл өгсөн сургалт боллоо” гэж аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэсийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн М.Цэндсүрэн ярилаа.

Өмнөговь аймаг эрүүл мэндийг дэмжих үүднээс “Эрүүл хот” гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэж байна. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд аймгийн төв Даланзадгад сум болон цаашдаа дагуул хотууд буюу хүн ам олноор суурьшсан сумдын эрүүл сууринг эрчимтэй хөгжүүлэх зорилготой юм. Нэг иргэн эрүүл аж төрвөл нэг гэр бүлийн амьжиргаа дээшлэх болно. Тиймээс ч дээрх сургалтанд хамрагдсан байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллахаар болсон бөгөөд гэрээнийхээ дагуу тодорхой үр дүн ирнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

Д.Мишигсүрэн

Related news