Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 1104 айлын орон сууц ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-12 11:22:52

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд энэ оны эхний хагас жилд 1104 айлын орон сууцыг ашиглалтад орох боломжтой талаар НДТГ-аас мэдээллээ.

Нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2013 онд НИТХ-аас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршилд, 75 хэсэгчилсэн талбайг баталсан. Одоогийн байдлаар үндэсний 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, 22 байршлийн 86,5 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн цагаас хойш нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд “Хера пропертийз” компани 168 айлын орон сууц, “Цагаан хуаран консалтинг” компани 132 айлын орон сууц, “Бэрэн групп” компани 288 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулжээ.  Харин 2015 онд төсөл хэрэгжүүлэгч “Баганат өргөө” компани 144 айлын орон сууц, “Цагаан хуаран консалтинг” компани 432 айлын орон сууц, “Бэрэн групп” компани 1080 айлын орон сууцны барилга ашиглалтад оруулснаар дахин төлөвлөлтөд хамрагдсан 500 айл өрхийн 2000 гаруй иргэнийг тохилог сууцаар хангасан юм.

Энэ онд Баянзүрх дүүрэгт "Зургаан талт" компани 150 "Гангар инвест"  компани 168, "Баганат өргөө" компани 144 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Мөн Сонгинохайрхан дүүрэгт "Стандарт проперти групп" компани 262, "Хера пропертийз" компани 320 айлын орон сууц, Сүхбаатар дүүрэгт "Пример инвестмент групп" компани 60 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд

Related news