МАН Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлвэл дэмжинэ гэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-15 13:56:57

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж тус бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ-ын намрын ээлжит чуулганаар нийт 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс 11-ийг хэлэлцсэн. Гэтэл Ээлжит бус чуулганыг 14 хоногийн хугацаатай зарласан мөртлөө 24 асуудал хэлэлцэхээр оруулж ирж буйг тус бүлэг эсэргүүцэж байгаа аж. Өөрөөр хэлбэл томоохон хуулиудыг эрх баригчид хүч түрэн, богино хугацаанд халтуурдаж батлах гэж байгаа нь зохимжгүй гэв. 

Гэхдээ МАН-ын бүлгийн гишүүд ажлаа таслаагүй гэдгийг мөн хэлж байв. Тус бүлгийн 26 гишүүний 22 нь ажилдаа ирсэн чуулганы ирц бүрдэхийг хүлээж байгаа аж. Өнөөдөр 09.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганыг нээх товтой байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшлогдсон. Харин энэ нь АН-ын гишүүдээс шалтгаалж байгаа гэлээ. 

Мэдээллийн дараа бүлгийн дарга С.Бямбацогтоос зарим зүйлийг тодруулав. 

-МАН-ын бүлэг УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тавина гэж байсан. Энэ нь төр тогтворгүй байхад нөлөөлөх юм биш үү?

-УИХ-ын дарга ёс зүйн биш хууль зөрчсөн олон удаагийн үйлдэл гаргасан. Тийм ч учраас УИХ-ын даргын асуудал яригдаж байна. ҮХЦ-ийн гишүүнийг хууль бусаар чөлөөлөх гэж байгаатай МАН-ын бүлэг эвлэрэхгүй. Ээлжит бус чуулганаар ч ҮХЦ-ийн гишүүнийг хууль бусаар огцруулах асуудал орсон. Асуудлыг олонхоороо хүч түрж шийдэж болохгүй. Хүч түрж, хууль зөрчдөг байдал газар авсан. Тийм болохоор хуулийн хүрээнд асуудлыг тавина.

-Шадар сайдаар Н.Энхбаярыг томилохтой холбогдуулан танай бүлгийн гишүүдийг эсэргүүцэж байгаа гэсэн яриа байна. Энэ талаар?

-Засгийн газрын томилгооны асуудалд МАН-ын бүлэг хөндлөнгөөс оролцох боломжгүй. Эрх баригч АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн шийдвэрлэх асуудал. Бид Засгийн газрын гишүүнээр  нэрийг нь дэвшүүлсэн эрхмүүдийг дэмжээд явна. Харин ажлаа сайн хийх хэрэгтэй. Хийж чадахгүй бол хариуцлага тооцно. ЭМС-ыг томилоогүй байна. Хэрвээ Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярын нэрийг дэвшүүлбэл дэмжинэ.

Н.Туяа

 

Related news