Шилийн богдыг зорих машины цуваа нэмэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 23:22:25

Шинийн гуравнаас эхлээд Улаанбаатар хот болон бусад аймгийнхан Шилийн богдыг зорьдог. Өдөрт дунджаар 100 гаруй машин Дарьгангын зам руу гардаг байсан бол, 2-р сарын 14-ний өдрөөс  дээрх тоо эрс нэмэгджээ.

Учир нь шинийн наймны өглөө богдод гарахыг хүмүүс илүүд үздэг. Аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх ХАБХТ-аас энэ үед онцгой хяналт тавин ажиллаж байна. Машин бүрийг шалгаж, анхаарал болгоомжтой зорчих, дүрмээ биелүүлж явах тал дээр анхааруулж байгаа. Одоогийн байдлаар ямар нэгэн осол аваар гараагүй ч өмнөх жилүүдэд бие биентэйгээ мөргөлдсөн, хоорондоо уралдаж давхидаг, хүний тоо норм хэтрүүлж явдаг, согтуу хүмүүс тээвэрлэж явах гээд зөрчлүүд ихээр гаргаж байсан. Хамгийн гол нь  хүмүүс замдаа өглөө эрт гардаг, шөнөжин нойргүй явж очдог, улмаар үүрэглэх байдал үүсдэг нь осол аваар гарах гол шалтгаан болдгийг замын цагдаагийн тасгаас санууллаа.

Энэ жил цас ихтэй, зам харилцаа муу байгаа учраас ихэнх машинууд Дарьганга сум, Алтан-Oвоог дамжин Шилийн богд явж байна. Хэдэн зуун машин нэг дор цуглаж, овоон дээрээ хүн багтахгүй шахам болдог. Жилдээ цөөхөн хоног тохиох аялал жуулчлалын  оргил үеийн нэг бол эдгээр өдрүүд. Гэтэл  аймаг орон нутаг, эндээс аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ их урсгалыг ашиглах тал дээр санаачлага муутай ажиллаж байгаа нь ажиглагдаж байлаа.

Т. Одончимэг

Related news