Олландын нэр хүнд унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-16 11:25:01

ПАРИС. /France-Presse/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олландыг засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчилж, Үндсэн хуулийн онцгой байдлын дэглэмийн тухай заалтад нэмэлт өөрчлөлт оруулсны дараа түүний ерөнхийлөгчийн хувиар хийж буй ажлыг тус улсын оршин суугчдын ердөө 20 хувь нь дэмжиж байгааг “Point” сэтгүүлийн захиалгаар “Ipsos” судалгааны хүрээлэнгээс явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Санал асуулгын дүнгээс үзвэл, Францын удирдагчийн нэр хүндийн үзүүлэлт сүүлийн хоёр сард эрс унаж байгаа бөгөөд одоо ердөө 20 хувьтай байна. Энэ нь Олландын хувьд өнгөрсөн оны зургадугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм.

Олландын нэр хүндийн үзүүлэлт сүүлийн гурван жилийн хамгийн дээд түвшинд 2015 оны 11 дүгээр сард хүрч байв. Тухайн үед Парист үйлдсэн халдлагын хариуцлагыг хүлээсэн “Лалын улс” бүлэглэлд дайн зарлан, террористуудыг баривчлах ажлыг зохицуулан, улс орныхоо нутаг дэвсгэрт аюулгүй байдлыг ханган уг эмгэнэлт явдлын хариуг шийдэмгий өгсөн Олландын ажлыг францчууд өндрөөр үнэлжээ.

Д.Жаргал

 

Related news