Мөнгөний нийлүүлэлт 5.5 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-17 11:30:06

Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оны эцсээр 10 их наяд төгрөг болж, 2014 оны мөн үеэс 5.5 хувиар буурсан талаар өнөөдөр Сангийн яам мэдээллээ.

Мөнгөний нийлүүлэлтийн бууралтад хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 8.1 хувь, төгрөгийн харилцах 6.9 хувиар буурсан голлон нөлөөлжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард мөнгөний нийлүүлэлтийн 54.1 хувийг төгрөгийн хадгаламж, 19.4 хувийг гадаад валютын хадгаламж, 12.2 хувийг төгрөгийн харилцах, 9.8 хувийг гадаад валютын харилцах, үлдсэн 4.5 хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө эзэлж байв.

Харин нийт хадгаламж 2014 оны мөн үеийн түвшинд буюу 7.4 их наяд төгрөг байна. Сүүлийн жилүүдэд гадаад валютын ханшийн чангаралттай холбоотойгоор гадаад валютын хадгаламж жилд дунджаар 36 орчим хувиар өсч байсан ч, 2015 оны сүүлийн хагас жилд 1.1 хувиар буурчээ.

Зээлийн өрийн үлдэгдэл жилийн эцсийн байдлаар 11.7 их наяд төгрөг болжээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийг валютаар ангилан үзвэл 76.1 хувийг буюу 8.9 их наяд нь төгрөг, 23.9 хувь буюу 2.8 их наяд төгрөгийг валютын зээл эзэлж байна.

Ч.Ариунболд

Related news