Анкарагийн төвд томоохон халдлага үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-18 09:20:03

АНКАРА. /TASS/. Туркийн нийслэл Анкара хотын төвд томоохон халдлага үйлдсэний улмаас 28 хүн амиа алдаж, 61 хүн шархаджээ. Амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй гэж тус улсын эрх баригчид болгоомжилж байна.

Амиа алдсан болон шархадсан хүмүүсийн дийлэнх нь Туркийн Зэвсэгт хүчний төлөөлөгчид, тодруулбал, офицерууд байна. Гэхдээ дэлбэрэлтийн бүсэд энгийн иргэд ч байжээ. Туркийн эрх баригчид одоогоор амиа алдсан болон шархадсан хүмүүсийн жагсаалтыг гаргаагүй байна. Шархадсан бүх хүнийг Анкара хотын 14 эмнэлэгт хүргэсэн бөгөөд заримд нь яаралтай хагалаа хийх хэрэгтэй болсон бөгөөд биеийнх нь байдал хүнд хүмүүс байгаа аж.

Хэргийн нөхцөл байдал

Орон нутгийн цагаар 18 цаг 31 минутад Туркийн парламент, Ерөнхий штабын газар, цэргийн дотуур байраас холгүй нийслэл хотын төвийн хөдөлгөөн ихтэй замын уулзварт мина суурилуулсан автомашин дэлбэрсэн байна. Тус улсын Ерөнхий штабын газраас мэдээлснээр, гэрлэн дохионд улаан гэрэл асч, цэргүүдийг  зөөж байсан автомашины цуваа зогсоход дэлбэрэлт болжээ.

Дэлбэрэлт маш хүчтэй болсон бөгөөд дэлбэрэлтийн чимээ хэргийн газраас бүтэн хагасаас хоёр км хол зайд тод сонсогдсон байна. Маш олон байшингийн цонх доргиж, түүгээр барахгүй дэлбэрэлтийн долгион Анкара хот дахь Оросын Элчин сайдын яамны нутаг дэвсгэрт мэдрэгджээ.

Одоогийн байдлаар цагдаа нар дэлбэрэлтийн бүсэд хүрдэг бүх гарцыг хааж, зөвхөн тусгай машинуудыг оруулж байгаа аж. Хэргийн газрын дээгүүр цагдаагийн нисдэг тэргүүд ниссэн хэвээр байна. Хотод ерөнхийдөө шөнө болж байгаа учраас байдал тогтворжжээ. Гэхдээ хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудын хувьд онц байдлын дэглэм хүчинтэй хэвээр байна.

Халдлагыг хэн үйлдэв

Нийслэл хотод үйлдсэн халдлагыг үйлдэгчдийг одоогийн байдлаар тогтоогоогүй байна гэж Туркийн Засгийн газрын албан ёсны төлөөлөгч, дэд сайд Нуман Куртулмуш мэдэгджээ.

Түүний хэлснээр, хэргийг мөрдөн шалгах комисс байгуулсан бөгөөд “дэлбэрэлт болсон газрыг маш нарийн судалж байгаа аж”. “Энэ халдлагыг хэн үйлдсэн талаар одоогоор бидэнд мэдээлэл байхгүй байна. Гэхдээ халдлагын ард байгаа этгээдийг маш түргэн хугацаанд тогтооно” гэж тэрбээр хэлжээ.

Дээрх халдлага нь Туркт сүүлийн саруудад үйлдсэн дөрөв дэх томоохон террорист халдлага болж байгаа юм. Өнгөрсөн оны долдугаар сард Сиритэй залгаа Суруч хотод, 10 дугаар сард Анкара хотод, энэ оны нэгдүгээр сард Истанбул хотод томоохон халдлага үйлдсэний улмаас нийтдээ 150 орчим хүн амиа алдсан билээ. Үүнээс гадна, сүүлийн саруудад Туркийн 200 гаруй цэрэг, цагдаа цэргийн тээврийн хэрэгслийг дэлбэлсний улмаас болон тус улсад хориглосон Курдистаны ажилчны намын босогчдын халдлагад өртөж амиа алдсан байна.

Д.Жаргал

 

Related news