Санхүүчид жилийн аян зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-18 11:15:01

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс 2016 онд төсөвт байгууллагуудын нягтлан бодогчдын дунд “Манлайлагч ня-бо” аяныг жилийн турш зохион байгуулахаар зарлалаа.

Энэхүү аяны хүрээнд төсөвт байгууллагуудын ня-бо нарыг чадавхижуулах сургалтыг шат дараалалтайгаар явуулах аж. Энэ удаа аяны удирдамжийг танилцуулах, 2016 онд төсөв, санхүүгийн талаар баримтлах бодлого, 2015 оны жилийн эцсийн сангийн тайлан гаргахад анхаарах асуудлуудаар мэдээлэл өглөө. Энэхүү арга хэмжээнд аймгийн нийт сумдын төр, төсвийн байгууллагуудын ня-бо нар хамрагдлаа.

Төсвийн тухай хуулийн зарим заалтуудад төрийн сан нь төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах, түүнд хяналт тавих, төсвийн гүйлгээг цахим системээр хэрэгжүүлж хяналт тавина гэж заасны дагуу энэхүү аяныг зохион байгуулж байгаа аж.

Тус аяны гол зорилго нь “Санхүүгийн зөрчилгүй” болоход чиглэгдэж байгаа аж. Аяны хүрээнд Төсвийн төлөвлөлт, зарцуулалт, хяналтыг сайжруулж, Төсвийн тухай хууль, Төрийн сангийн үйл ажиллагааны журам, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг нэмэгдүүлэн төсвийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх гэнэ. Энэ хугацаанд ня-бо нарт шар карт хөтлүүлж, зөрчил илэрсэн тухай бүрт нь самбарт мэдээлж байх бөгөөд 5 шар карт бүрийг нэг улаан картаар солих гэнэ.

Шар картаас улаан картанд шилжих тухай бүрт нь нягтлан бодогчид ажлыг сайжруулах талаар зөвлөмж хүргүүлэх ажээ. Мөн нэг улиралд хоёроос дээш улаан карт авсан тохиолдолд төсвийн шууд захирагчид санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх талаар зөвлөмж хүргүүлэх гэнэ. Түүнчлэн хоёр улирал дарааллан зөрчилгүй ажилласан ня-бо-г урамшуулах, хоёр улирал дараалан 2-оос дээш улаан карт авсан нягтлан бодогчид хариуцлага тооцох юм байна.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news