Ээлжит бус чуулганы нээлтийг 14 цаг хүртэл хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-18 11:23:33

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 9 цагт эхлэх ёстой ч нэгдсэн хуралдаанд одоогийн байдлаар 37 гишүүн ирээд байна. Иймд хуралдааныг 14 цаг хүртэл хойшлуулахаар УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдлээ.

Тодруулбал, Ардчилсан намаас 34, “Шударга ёс” эвслээс М.Сономпил, Н.Батцэрэг нар, ИЗНН-аас С.Дэмбэрэл гишүүн иржээ. АН-ын бүлгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, ИЗНН-ын гишүүн С.Оюун нар гадаадад томилолттой яваа аж.

Харин эрх баригч хүчнийг ирцээ бүрдүүлбэл хуралдаандаа оролцоно гэж байсан ч МАН-ын бүлгийнхэн ирц бүрдэхэд хоёрхон гишүүн дутуу байгаа энэ мөчид “Ирц бүрдсэн ч чуулганд оролцохгүй” хэмээн мэдэгдсэн гэж эх сурвалж мэдээлэв. Зарим нэг таамгаар бол Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх асуудлыг МАН-ын бүлэг гацааж байгаа гэцгээж бий. МАН-ын бүлэг уг асуудлаар хоёр удаа буюу нийт найм хоногийн завсарлага авсан тул ийм яриа гарахад нөлөөлсөн аж.

Б.Туул

Related news