Ажилтнуудаа орон сууцжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-18 12:01:56

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн  эмнэлэг болон орон нутгийн захиргаанаас  шинэ залуу боловсон хүчнийг  тогтвор суурьшилтай ажиллуулах, эмч, эмнэлгийн ажилтнуудыг орон сууцаар хангах ажлыг хэрэгжүүлж буй.

Албаныхан  2014 онд  эмнэлгийн ажилчдын 60 айлын  орон сууцыг захиалан  ашиглалтад оруулжээ.  Ам метрийг нь 900 мянган төгрөгөөр тооцож орон нутгийн барилгын компанитай гэрээ хийсэн нь хамгийн боломжтой үнэ хэмээн оршин суугчид үзэж байгаа  юм. Мөн 2015 оноос  орон нутгийн санаачилга дэмжлэгтэйгээр тус суманд шилжин ирж ажиллах нэн шаардлагатай нарийн мэргэжлийн эмч нарыг орон сууцжуулах  ажлыг хийж эхэлжээ.

Тодруулбал орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьсан орон сууцанд шилжин ирсэн  боловсон хүчнүүд ямар ч түрээсийн мөнгө төлөхгүйгээр  зөвхөн ус, дулаан, цахилгааны мөнгийг төлж амьдрах бөгөөд  таван жилийн дараа өөрийнх нь нь өмчлөлд нь шилжүүлэх гэрээг хийсэн байна.

Х.Эрдэнэбулган

Related news