Йемений асуудлаарх хэлэлцээг нэн даруй сэргээх шаардлагатай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-18 12:22:59

НҮБ. /TASS/. Йемений асуудал хариуцсан НҮБ-ын тусгай элч төлөөлөгч Исмаил ульд Шейх Ахмед тус улсын Засгийн газар болон шиит босогчдын /хуситууд/ хооронд хийж буй хэлэлцээ гуравдугаар сараас хэтрэхгүй сэргэнэ гэж найдаж байгаагаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүдийн зөвлөгөөний дараа мэдэгджээ.

“Миний үзэж байгаагаар, энэ хэлэлцээг бид гуравдугаар сараас хойшлуулж болохгүй. Цаг хугацаа бидний эсрэг ажиллаж байна. Йеменд хүмүүнлэгийн байдал улам бүр дордож, сүйрлийн нөхцөл байдал үүссэн бөгөөд одоо улс төрийн шийдэл хэзээ хэзээнээс илүүтэй хэрэгтэй  байна. Хэлэлцээг бид аль болох хурдан эхлүүлэх шаардлагатай байна” гэж НҮБ-ын элч төлөөлөгч хэлжээ.  

Ульд Шейх Ахмедын хэлснээр, Йемений мөргөлдөгч талуудтай түүний 12 дугаар сард  хийсэн сүүлийн хэлэлцээгээр тэдний хооронд “томоохон хагарал болон ихээхэн санал зөрөлдөөн” байсаар байгаа болох нь харагдсан байна. Энэ нь нэгдүгээр сард яриа хэлцээг сэргээх түүний төлөвлөгөөнд саад болсныг тэрбээр цохон тэмдэглэжээ.

Исмаил ульд Шейх Ахмед ойрын өдрүүдэд мөргөлдөгч талуудтай зөвлөлдөөнөө үргэлжлүүлэхээр, тухайлбал, Эр-Риядад нуугдаж байгаа Йемений Ерөнхийлөгч Абд Раббо Мансуром Хади болон Сана хот дахь хуситуудтай уулзахаар төлөвлөж байгаагаа мэдээлсэн байна. Үүнээс гадна, тэрбээр Египет, Катар, Арабын Нэгдсэн Эмирт Улсад айлчилна.

Д.Жаргал

 

Related news