МСҮТ- ийн багш, оюутнууд өвс тэжээлийн хандив өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-19 16:55:56

Дундговь аймгийн МСҮТ- ийн багш, оюутнууд малчиддаа туслахаар мөнгөн хандив цуглуулан өвс, тэжээл худалдан авч, аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгчээ.

Цас зудтай хүндхэн өвлийн сар шувтарч, хаврын сар гараад байгаа ч мал, малчдын аж байдал анхаарал татсан хэвээр байгаа юм. Малын өвс, тэжээл хомсдож, үүнээс улбаалан мал хээл хаях, ямаа олноор хорогдох хүндрэл гарсаар өнөөдрийн байдлаар 12 мянга  шахам мал хорогдсон байна.

Иймээс малын бага ч гэсэн өвс тэжээл бэлдэж өгөх нь малчдад зориулсан оновчтой тусламж болно гэдэг үүднээс МСҮТ- ийн багш, оюутнууд ийнхүү хандив цуглуулжээ. Тэд  700 гаруй мянган төгрөгийн өвс, тэжээлийг Онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн бөгөөд үүнийг өвс тэжээл ихээр дутагдсан малчин өрхүүдэд хуваарилж өгнө гэж ОБГ- ын дарга Я. Алтанхундага хэлээд цагийн хатууд мал, малчиддаа халуун сэтгэлээр тусалж байгаа МСҮТ- ийн хамт олонд талархал илэрхийлжээ.

Т. Отгонтуяа

Related news