ОХУ-ын санал болгосон Сирийн асуудлаарх тогтоолын төслийг зөвшилцөж чадсангүй
ДЭЛХИЙН МЭДЭЭНҮБ. /TASS/. Сирийн тусгаар тогтнолыг хамгаалах тухай ОХУ-ын санал болгосон тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ баасан гарагт хийлээ. Хөрш Сири улсад хуурай замын цэрэг оруулах Анкарагийн төлөвлөгөөний хариу болсон уг тогтоолын төслийг хэдийгээр дөнгөж хэлэлцэж эхэлж байгаа боловч АЗ-ийн хэд хэдэн гишүүн, тухайлбал, Их Британи, АНУ болон Франц улс үндсэндээ уг баримт бичгийг батлах боломжид чагт тавьжээ.
ОХУ-ын санал болгосон нэг хуудас бүхий тогтоолын төсөлд Туркийн талаар дурдаагүй боловч “Сирид үргэлжилж буй буудалцааныг”, мөн “гадаадын босогч-террористуудын урсгал зогсохгүй байгааг болон АЗ-ийн тогтоолыг зөрчин “зарим орон, тухайлбал, Сирийн хөрш орнуудын шууд оролцоотойгоор” хууль бусаар зэвсэг нийлүүлж буйг” буруушаасан байна.
Уг баримт бичигт Сири улсын тусгаар тогтнолыг хүндэтгэхийг болон хилээр гал нээж, хөндлөнгөөс оролцохоо нэн даруй зогсоохыг, мөн Сирийн нутаг дэсгэрт гадаадын цэргүүдийг оруулах бүхий л оролдлого болон төлөвлөгөөнөөс татгалзахыг шаарджээ.
ОХУ-ын өргөн барьсан тогтоолын төсөл нь Турк улс Сирийн курдуудын байрлал руу гал нээсний, мөн хөрш оронд хуурай замын ажиллагаа явуулах Анкарагийн төлөвлөгөөний хариу болсон юм. Анкарагийн эрх баригчид Сирийн хойд нутагт, харин Саудын Араб тус улсын Иордан улстай залгаа өмнөд нутагт цэрэг оруулах гэж байгаа тухай “Financial Times” сонин баасан гарагт мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр, Анкара болон Саудын Арабын энэ алхамыг АНУ-ын эрх баригчид тогтоон барихыг оролдож байгаа бол Оросын Зэвсэгт хүчин ажиллагаа явуулж буй Сирид тус хоёр орны цэргийг оруулах гэж байгаад НАТО санаа зовинож байна.
Д.Жаргал