Эмэгтэй малчны хөдөлмөр зүтгэлийг үнэлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-20 15:07:06

Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн малчин Ч.Ичинхорлоо 60 гаруй насандаа аймгийн сайн малчны алдрыг хүртлээ.

Ч.Ичинхорлоо гуайд эмэгтэй хүнд баймгүй их тэсвэр тэвчээр, хөдөлмөрч зан чанар шингэсэн бөгөөд өмнө нь малын их эмчээр ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарчээ. Тэднийх 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 1050 толгой мал тоолуулсан бөгөөд эдүгээ өвлийг өнөтэй давж хавартай золгов.

Сайн малчны алдрыг хүртэхэд сүүлийн гурван  жилийн мал маллагаа, арга туршлага, төл хүлээн авсан байдал, малын үржил селекцийн ажлыг хэрхэн хийсэн, мал сүргээ тарга тэвээрэг хэрхэн авахуулсан хийгээд нийгмийн даатгалаа цаг хугацаанд нь төлсөн байх, иргэний үүргээ биелүүлсэн байх, нийгмийн тусч ажлыг санаачлан зохион байгуулсан байх зэрэг 10-аад төрлийн  шалгуур үзүүлэлт байдаг аж.

Мөн тус сумаас малчдаа дэмжих, сүргийн бүтэц үржлийн ажлыг зохион байгуулахад шинжлэх ухааны үндэслэлтэй  хандах, мал зүйч эмчийг ажиллуулах, арга туршлагыг нь нэвтрүүлэх зэрэг ажлыг бодлогоор зохион байгуулдаг аж.

Х.Эрдэнэбулган

Related news