Таван сумын соёлын төв бүжгийн багшгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 19:29:11

Сүхбаатар 12 сумын 12 соёлын төвийн хувьд бүгд мэргэжлийн эрхлэгчтэй, харин бүжиг хөгжмийн багш нарын 50 хувь нь л мэргэжлийнх, үлдсэн нь мэргэжлийн бус хүмүүс ажилладаг. Ялангуяа бүжгийн багшийн хувьд бүр ч дутмаг.

Жишээлбэл: 12 соёлын төвийн 4 нь мэргэжлийн, 3 нь мэргэжлийн бус багштай бол үлдсэн 5 сум нь огт бүжгийн багшгүй.

Сумдын соёлын төвүүдийг үлгэрчилсэн төвийн дагуу  эрхлэгч, бүжгийн багш, хөгжмийн багш, номын санч, үйлчлэгч гэсэн 5 орон тоотойгоор зохион байгуулсан. Сүхбаатар аймгийн 12 сумын соёлын төвд 60 хүн ажиллах ёстой ч өвөлдөө галчаас эхлээд нэмэлтээр гэрээт ажилтан авах шаардлага бий болдог. Одоогоор нийт сумдын соёлын төвд 75 хүн ажиллаж байна.

Сумдын соёлын төвөс гадна сургууль цэцэрлэгийн дуу хөгжмийн багш нарын хувьд ч аймгийн хэмжээнд дутмаг. Театрын уран бүтээлчид сургууль цэцэрлэгт багш хийдэг ч багшлах эрхгүй учраас удаан байж чаддаггүй. Тйимээс тэтгэвэрт гарсан хэдэн багш нараа өнөөдрийг хүртэл зарим нэгнийг нь гэрээгээр ажиллуулсан байдалтай байна.

Т. Одончимэг

 

Related news