Улс төрийн хэлмэгдүүлэлтээ зогсоохыг шаардаж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-22 17:16:06

УИХ-ын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан эрх баригчдын зүгээс МАХН-ын дарга Н.Энхбаярын эсрэг зохион байгуулалттай ажиллагаа явуулж байна хэмээн үзэж, тус намын дэргэдэх Ардчилал, шударга ёс, Монголын залуучуудын холбооноос мэдэгдэл гаргав.

Мэдэгдэлд, "АТГ нь Монголын төр, нийгмийн өмнө хүлээсэн чиг үүргээ  хангалттай биелүүлж чадахгүй, өөрсдөө хууль ёсыг ноцтой зөрчих юм уу эсвэл ийм байдлын өмөг түшиг болж, хууль, хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж хэлмэгдүүлэх явдлыг улам даамжруулж байгаад харамсаж байна.

Иймээс МАХН, намын дарга Н.Энхбаярын улс төрийн үйл ажиллагаанд саад учруулж, нэр хүндийг нь унагахын тулд хамтран зүтгэгч хүмүүсийг нь хэлмэгдүүлж, нийгмээс тусгаарлан шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь ардчилсан нийгэмд хүний эрх, шударга ёсыг үл хүндэтгэсэн ноцтой үйлдэл мөн бөгөөд ингэх нь МАХН хэмээх  улс төрийн намын тогтвортой үйл ажиллагааг саармагжуулах, гишүүд, дэмжигчдийг нь үл тоосон, бүдүүлэг, дүр эсгэсэн ардчиллын ард нуугдаж буй дарангуйлагчдын хорлон сүйтгэх ажиллагаа болж байна гэж үзэж байгаагаа илэрхийлье" гэжээ.

Мөн монгол төрийн хуулийн нэр дор нуугдаж Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн эрхэнд халдаж буй үйлдлээ ухамсарлан улс төрийн хэлмэгдүүлэлтээ нэн даруй зогсоохыг эрх баригчдын гар хөл болсон хууль хяналтын байгууллагуудаас шаардаж байна хэмээн мэдэгдэлдээ дурджээ.

Б.Туул

 

Related news