Суудлын автомашин зорчигч тээвэрлэдэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-23 10:00:42

Мандалговь Улаанбаатарын хооронд суудлын автомашинаар зорчигч тээвэрлэх эрхийг 8 иргэнд олгосон байна. Тэд өчигдрөөс зорчигч тээвэрлэх үйлчилгээгээ эхэлжээ.

Өнгөрсөн зургадугаар сард аймгийн Авто тээврийн газар хот хооронд зорчигч тээвэрлэдэг жолооч нарыг нэгдсэн зохион байгуулалтад орж, стандартын шаардлага хангасан автомашинаар хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм баримтлан зорчигч тээвэрлэдэг байхыг сануулсан байна. Тэр дагуу жолооч нар “Мандал ажнай” хоршоо байгуулж, зорчигч тээвэрлэх зөвшөөрөл олгох хүсэлтийг Авто тээврийн үндэсний төвд хүргүүлээд байжээ.

Эл хоршоонд зорчигч тээвэр эрхэлдэг 40 гаруй иргэнээс 8 иргэн нэгдсэн байна. Тэд арваас доош жилийн насжилттай, зөв талдаа жолооны хүрдтэй, нэгэн ижил өнгийн автомашинаар үйлчилнэ. Нэг удаад 4 зорчигч тээвэрлэх бөгөөд Мандалговиос хөдлөхдөө Авто тээврийн төвийн диспетчэрт бүртгүүлж, Улаанбаатарын Нарантуул худалдааны төвд зорчигчдоо буулган, тэндээс мөн зорчигч суулгах маршрутаар үйлчлэх ажээ.

Зорчигч тээвэрлэх зөвшөөрөлтэй  “Мандал ажнай” хоршооноос бусад зөвшөөрөлгүйгээр зорчигч тээвэрлэх явдлыг зогсооно гэдгийг Авто тээврийн газраас мэдээллээ.

Т. Отгонтуяа

Related news