Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын чуулган Улаанбаатарт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-02-23 16:40:36

БНСУ-ын АСКо компаниас санаачлан “ИнфоСек МН-2016” мэдээллийн аюулгүй байдлын олон улсын чуулганыг ирэх сарын 2-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.  

Монгол Улсын глобал кибер аюулгүй байдлын индекс 0.412 буюу дэлхийн дундаж хэмжээнд байдаг гэсэн тоо бий. Тиймээс кибер орчин дэх эрсдлийг үндэсний хэмжээнд бууруулж, мэдээллийн технологийн хэрэглээний зохистой соёлыг түгээн дэлгэрүүлэх зүй ёсны хэрэгцээ шаардлага үүсч байгаа. Энэ хүрээнд олон улсын болон дотоодын мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг хамруулж, орчин үеийн шинэ техник, технологийг танилцуулан, цахим халдлагаас хамгаалах, цаашдын стратегийн бодлогоо тодорхойлох, хамтын харилцааг өргөжүүлэх талаар хэлэлцэн зөвшилцөх зорилгоор “ИнфоСек МН-2016” мэдээллийн аюулгүй байдлын олон улсын чуулганыг зохион байгуулах болжээ.

Уг чуулганд Монгол Улсын Засгийн газрын агентлагууд, яамд болон банк санхүү, уул уурхай зэрэг салбарын мэдээллийн аюулгүй байдлыг хариуцан ажилладаг удирдах ажилтнууд, төрийн албан хаагчид оролцох юм байна. Үүнээс гадна салбартаа тэргүүлэгч байгууллагууд болох IT Zone, SafeBit, Юнител, Хас Банк, олон улсын HP буюу Hewlett Packard Enterprise, Fortinet зэрэг байгууллагууд ивээн тэтгэгчээр оролцож илтгэл тавих аж.

Чуулганыг JCI Прогресс салбар байгууллага болон MNCERT (Цахим Аюулгүй Байдлын Мэдээлэл Удирдлагын Төв) хамтран зохион байгуулах бөгөөд МҮХАҮТ-ийн дэргэдэх “Corporate Convention Center”-т болох аж. 

Н.Гантуяа

Related news