Орхон сумаас хамгийн их олдвор олджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 16:44:15

Булган аймагт түүх соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллого өнгөрсөн зуны улирлын турш хийгдсэн билээ. Аймгийн Музей, БСГ – ын холбогдох мэргэжилтнүүд 65 хоногийн турш  10121 км замын туулан 559 төрлийн 2528 ширхэг дурсгал тоолсоноос шинээр 254 төрлийн 726 ширхэг дурсгалыг бүртгэн тоолж баримтжуулжээ.

Энэ нь 2010 онтой харьцуулбал түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын төрөл 2 дахин нэмэгдсэн байна. Өмнөх жилүүдэд дутуу тоолдог байсан, дурсгалт зүйлсийг үл тоон орхигдуулдаг байсан байх гэсэн таамгийг тооллогын бүрэлдэхүүнд явсан хүмүүс ярьж байлаа.

Энэ үеэр Булган аймгийн нутаг дэвсгэрт орших, яаралтай улсын хамгаалалтанд авах газрын жагсаалтыг тэд гаргажээ. Үүнд:  Бугат сумын Цацын хотгорын хүн чулуу, Орхон сумын буган чулуун хөшөө, Бүрэгхангай өвгөнт ууланд орших хадны зураг, Могод сумын хиргисүүрийн дэвсэг хэмээх газар орших 220 гаруй хиргисүүр. Эдгээр зүйлсийг нэрлэжээ. Шинээр хамгийн их олдвор олдсон сум нь Орхон сум байна. 39 төрлийн 174 ширхэг олдвор шинээр бүртгэгджээ.

                                                                                                                            П.Батням 

Related news