Умард Солонгос АНУ, Өмнөд Солонгост анхааруулга өгөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-24 10:37:10

ПХЕНЬЯН. /NHK/. АНУ, Өмнөд Солонгос ирэх сард цэргийн хамтарсан сургуулилт зохион байгуулахаар бэлтгэж байгаатай холбогдуулан тус хоёр улсад хатуу арга хэмжээ авна гэж Умард Солонгос анхааруулга өгөв.

Жил бүр зохион байгуулж байгаа энэ сургуулилтыг дайны бэлтгэл гэж үзэж байгаагаа Умард Солонгос  илэрхийлээд, хатуу арга хэмжээ авахаа амласан байна.

Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Дээд командлагч мягмар гарагт мэдэгдэл хийж, анхааруулга өгснийг тус улсын телевиз мэдээлжээ.

"Дайсны хүчнүүд болон цэргийн техник “өндөр нягтралтай цохилт” өгөх өчүүхэн шинж илэрсэн тохиолдолд тэднийг Умард Солонгосын Зэвсэгт хүчин юу ч үгүй устгах болно. Мөн бидний эхний бай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Хөх ордон байх бөгөөд хоёр дахь бай нь Ази болон АНУ-ын эх газар дахь тус улсын цэргийн бааз байх болно" гэж мэдэгдэлд дурдсан байна.

Умард Солонгосын хийсэн цөмийн туршилт, пуужин харвасан зэргээс үүдэлтэй хурцадмал байдал газар авч байгаа энэ үед АНУ, Өмнөд Солонгос жил бүрийн цэргийн сургуулилтаа хийхээр бэлтгэж байна. Сургуулилт гуравдугаар сарын 7-нд эхэлнэ.

Д.Нямтулга

 

Related news