Гуантанамогийн шоронг хаах төлөвлөгөөг Конгресст танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-24 11:32:43

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон түүний Засгийн газар Кубын Гуантанамо булангийн цэргийн шоронг хаах төлөвлөгөөгөө танилцуулаад, “уг шорон үндэсний аюулгүй байдалд сайнаар бус сөргөөр нөлөөлж байна” гэж мэдэгджээ.

АНУ-ын Батлан хамгаалах яам мягмар гарагт шоронг хаах төлөвлөгөөгөө Конгресст танилцуулсны дараа Обама Цагаан ордонд мэдэгдэл хийн, энэ асуудлыг одоо шийдэхгүй бол бид хэзээ шийдэх вэ? гэжээ. “Түүхэнд эергээр бичигдэхийг” тэрбээр Конгрессоос уриалаад, өнгөрсөн 15 жилийн сургамжит хичээлийг ухамсарлахыг хүссэн байна.

Харин Бүгд найрамдах намын гишүүд Пентагоны саналыг буруушаажээ.

"Конгресс төөрөгдөлд орж болохгүй. Энэ нь хууль бус бөгөөд террорист хоригдлуудыг АНУ-ын нутаг дэвсгэр рүү шилжүүлэх нь мөн хуулийг зөрчих юм. Бид үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй" гэж АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Пол Райан мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Related news