Улаан хальст сармисны тариалалтыг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 11:38:34

Завхан аймаг улаан хальст сармисын тариалалтыг өргөжүүлж нутгийн брэнд бий болгохоор өнгөрсөн онд дэд хөтөлбөр боловсруулан батлуулсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд улаан хальст сармисыг үржүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг дэмжиж, 2020 он гэхэд 7.0 га хүртэлх талбайд тариалалт хийх, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй хамтран үрийн шинэчлэл хийж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж бусад аймаг, хотуудад экспортлох зорилго тавиад байна. 

Түүнчлэн  хүн амын хэрэгцээт хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, зах зээлд худалдан борлуулах шаардлага буй юм. Сонирхуулахад улаан хальст сармис нь хүний биед зайлшгүй хэрэгцээт амин дэм болон биологийн идэвхт бодисоор баялаг хүнсний чухал таримал бүтээгдэхүүн юм. Завханы улаан хальст сармисны үржүүлгийн оргил үе нь 1970-1980 он байсан бөгөөд 7.0 га хүртэлх талбайд тариалж дундажаар га-аас 20-21 цн ургац авч байжээ. 

Зах зээлийн харилцаанд шилжсэн 1990-ээд оноос эхлэн газар тариалангийн салбар уналтанд орж улаан хальст сармис тариалах талбай, хураан авах ургац жил дараалан буурсаар ирсэн байна. Харин өнгөрсөн онд тариаланчид 140 гаруй кг улаан хальст сармисыг тариалж амжилттай ургац авчээ.

Б.Мягмарсүрэн

Related news