Шүүхийн тамгын газраас сумдад хүрч ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 12:38:14

Хэнтий аймаг дахь Шүүхийн тамгын газрын сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Дадал, Норовлин суманд ажиллав.

Шүүхийн тамгын газрын 2016 оны календарчилсан төлөвлөгөөнд заасны дагуу сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар, Тамгын газрын дарга Б.Баярсайхан, эвлэрүүлэн зуучлагч З.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар Хэнтий аймгийн Норовлин, Дадал суманд энэ сарын 17-23 өдөр хүртэл нүүдэллэн ажиллажээ.

Уг ажлын хүрээнд Хэнтий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх Норовлин, Дадал суманд 31 хүнд холбогдох “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийг хүлээн авч, процессын ажиллагааг хурдан шуурхай явуулж, газар дээр нь хэргийг шүүх хуралдаан хийж шийдвэрлэжээ. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах хэсэгт ирсэн Сумын жижиг дунд бизнесийг дэмжих сангаас иргэдэд олгосон зээлийн төлбөрийн 53 хүнд холбогдох 50 маргааныг эвлэрүүлэн зуучлагч З.Баярмаа мөн газар дээр нь шийдвэрлэн эвлэрлийн гэрээг байгуулан ажилласан. Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Баярсайхан нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан “Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн”-г Хэнтий аймаг дахь шүүхүүдийн 2015 оны шүүн таслах ажлын мэдээг, шүүхийн тамгын газрын үйл ажиллàгааны мэдээллийг дээрх сумдын иргэдэд тус тус өгч ажилласан байна.

Сумдад нүүдэллэн ажилласан нь шүүхийн үйл ажиллагааг иргэдэд ойртуулж, шүүхийн анхан шатны мэдээ мэдээллээр хангажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news