Хууль зүйн байнгын хороо 15 удаа хуралдаж 55 асуудал хэлэлцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-24 13:05:43

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр намрын ээлжит чуулган болон ээлжит бус чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнав.

Намрын чуулганы хугацаанд байнгын хороо 19 удаа хуралдаж, 55 асуудлыг хэлэлцсэн ба хуулийн төсөл 257, УИХ-ын тогтоолын төсөл 12-ыг хэлэлцэн, санал дүгнэлт 29, танилцуулга 5, зарчмын зөрүүтэй 324 саналын томьёолол тус тус бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлжээ. Өөрөөр хэлбэл, байнгын хороо нийт 60 цаг 16 минут хуралдсан байна. Байнгын хорооны тогтоолоор 15 ажлын хэсэг байгуулагдан 35 удаа хуралдаж, хууль, тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх үүрэгтэйгээр ажиллажээ. Тайлант хугацаанд иргэдээс ирүүлсэн 59 өргөдөл, гомдол болон байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 134 албан бичиг, санал хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хариуг хугацаанд нь өгсөн.

Байнгын хороо бие даасан 3 хууль үүнд, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг батлуулжээ. Ээлжит бус чуулганаар нийт 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний 12 нь Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудал байсан хэмээн Байнгын хорооны дарга Д.Ганбат онцолсон.

Тэрбээр ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаас тус байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн гэлээ. Мөн Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, чуулганы завсарлагааны хугацаанд дээрх ажлын хэсгүүд ажиллах болно гэв.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news