“Хөгжлийг дэмжих өгөгдөл” чуулган боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-24 14:13:13

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банк хамтран “Нээлттэй өгөгдөл-Их өгөгдөл”-д тулгуурласан тогтвортой хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон улсын тэргүүн туршлага солилцох зорилгоор “Хөгжлийг дэмжих өгөгдөл” чуулганыг зохион байгууллаа.

Чуулганы нээлтэд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт оролцож, үг хэллээ.

Засгийн газраас Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай “Ухаалаг засаг” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг байгуулж, төслийг 2015-2020 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. “Ухаалаг засаг” төслийн хүрээнд төрийн үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог дэмжих, төрийн мэдээллийн технологийн нэгдсэн тогтолцоог бий болгох, төрийн өгөгдөл, мэдээллийн нээлттэй орчныг бий болгох зорилт дэвшүүлсэн. Төслийн дүнд төрийн байгууллагуудын үйл ажиллагаа ил тод, нээлттэй болж, байгууллага хоорондын ажлын уялдаа, холбоо сайжирч, төрийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох боломж бүрдэнэ гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хэллээ. Мөн тэрээр мэдээллийн технологи ашиглан төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байдлаар манай улс 2014 онд НҮБ-ын гишүүн орнуудаас 65 дугаар байранд орсон бөгөөд өнгөрсөн хугацаанд бид хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч Монгол орон даяар мэдээлэл дамжуулах техник, технологийн суурь дэд бүтцийг хөгжүүлж, бүх аймаг сумын төв, томоохон суурингуудыг интернэт болон хөдөлгөөнт холбооны сүлжээнд холбож чадсан. Энэ жил бид Улаанбаатар хотод Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулж, төрийн 204 үйлчилгээг иргэдэд хүргэж эхэлсэн бөгөөд цаашид мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан тус төвөөр хүргэх үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэдгийг онцолсон юм.

2015 оны байдлаар 100 хүнд ногдох үүрэн телефон хэрэглэгчийн тоо 165 буюу 3 сая гаруй хүн амтай манай улсын үүрэн телефон хэрэглэгчдийн тоо 4 сая 971 мянга, интернэтийн байнгын хэрэглэгчдийн тоо нэг саяд хүрч, иргэд мэдээллийн технологийн дэвшлийг амьдралдаа байнга ашиглах боломж нэмэгдэж байгааг тодотголоо.

“Хөгжлийг дэмжих өгөгдөл” чуулганд яам, Засгийн газрын агентлагууд, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын 80 гаруй төлөөлөл оролцож байна. Чуулганы хүрээнд Бүртгэл, статистикийн нээлттэй өгөгдлийн өнөөгийн байдал, хотын дэд бүтцийн төлөвлөлтөд их өгөгдлийг ашиглах нь, БНСУ-ын практик туршлага, эрүүл мэндийн их өгөгдөл сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэхээс гадна Нээлттэй өгөгдөл, Их өгөгдөл хэлэлцүүлгийг зохион байгуулах юм. 

 

Related news