Хөвсгөлчүүд “Бух Хайрхан”-ыг зорьсоор байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 14:47:52

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн нутаг Идэр, Чулуут голын бэлчир дэх хос хүрмэн хясааны дунд хэвтэж буй бухын хэлбэртэй томоохон чулууг “Бух” хайрхан шүтээн гэж нэрлэн олон жил шүтэн тахьсаар иржээ.

Ялангуяа сар шинийн дараа Архангай, Хөвсгөл, Булган, Завхан зэрэг аймгийн ойролцоох сумдын иргэд зорин ирж мөргөн залбирдаг ажээ. Шинийн арван тавны билэгт сайн өдөр хайрханыг зорьсон иргэд их байсан тул дараалал үүсч хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тус хайрханы тухай “ Эрт цагт  тус газар аварга могойн аюул нүүрлэж байсан үед жаран бухын тэргүүн цэнхэр бух дарж хэвтэн ард түмэнд жаргал авчирсан” гэж домогт өгүүлдэг байна.

Мөн хайрхан шүтээн хүний шүтлэгийн хирээр хүслийг биелүүлдэг увидастай гэж хүндэтгэн дээдэлж мөргөж, идээ будаа, цай сүүнийхээ дээжийг өргөн элс дээжээс нь амсаж, хүслээ шивнэдэг ажээ.

Б.Гантуяа 

Related news