“Элгээ чөлөөлье” уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-02-24 15:13:29

МЗХ-ноос зарласан сарын аяны хүрээнд маргааш “Элгээ чөлөөлье” уулзалт зохион байгуулна. 

Монголчуудын өмнө тулгамдаад байгаа эрүүл мэндийн нэн чухал асуудал бол элэгний өвчлөл. Манай улсад жилд элэгний хорт хавдрын 1600-1800 тохиолдол шинээр бүртгэгддэг бөгөөд элэгний хавдрын өвчлөлөөс үүдэлтэй нас баралтын түвшнээр дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг байна. Элэгний өвчлөлийн хамгийн гол шалтгаан нь буруу хооллолт ялангуяа архи согтууруулах ундаа, хорт бодисууд байдаг гэнэ. 

Тиймээс элэгний өвчлөлийн үүсэх шалтгаан, архидалтын хор хөнөөлийн талаар МЗХ-ны эрүүл мэндийн байнгын хороон дарга Ж.Амарсанаа “Элгээ хамгаалья” илтгэл лекц танилцуулах юм. Мөн Анагаах ухааны доктор Б.Баянмөнх “Хоол, хүнсний зохилдлого”, Эрүүл мэндийн байнгын хорооны дэд дарга Х.Бат-Ирээдүй “Ирээдүйдээ илгээх дархлаа” сэдвээр лекц уншиж, залуустай нээлттэй ярилцана.

Уг уулзалтаас элэгний өвчлөлийн шалтгаан, өвчлөлөөс элгээ хэрхэн хамгаалах, зөв хооллолт,  эрүүл амьдралын зөв дадлыг хэрхэн бий болгох гэх мэт олон талын мэдээллийг авах боломжтой юм.

Б.Туул

Related news