ЕБС-ийн сурагчдад Хэрэх өвчнөөс сэргийлэх төсөл хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-02-24 15:44:38

ЭМСЯ, Люксембургийн хөгжлийн агентлаг, “Шинэ нийгмийн эрүүл мэнд” ТББ-тай хамтран хэрэх өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх мэдлэгийг хүүхдэд сургуулийн наснаас нь олгох төслийг СБД-ийн 58, 16, 6 дугаар сургуульд   хэрэгжүүлж эхлээд байна.

Дэлхий дээр хэрэхийн гаралтай зүрхний өвчтэй 15.6 сая хүн амьдарч байгаа бөгөөд жилд 233  мянган хүн энэ өвчний улмаас хорвоог орхиж байна гэсэн судалгаа бий. Энэ нь ихэвчлэн хөгжиж байгаа орнуудад тухайлбал, Африк,  Зүүн болон Төв Ази, Номхон далайн орнууд, Австрали, Шинэ Зеландын уугуул иргэдийн дунд элбэг тохиолдож байгаа аж.

Манай улсын хувьд стрептококкийн гаралтай залгиур, гүйлсэн булчирхайн үрэвслээр хотын захын хорооллын хүүхдүүд төвийн хорооллын хүүхдүүдтэй харьцуулахад гурав дахин илүү өвчилж байна гэсэн судалгааг 2004 онд гаргажээ. Эдгээр хүүхдүүдийн 60 хувь нь эмчид үзүүлдэггүй, 73.9 хувь нь эмчилгээгээ гүйцэд хийлгэдэггүй, 72.8 хувь нь өөрсдөө дураараа эмчилдэг аж.

Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш нарыг бэлтгэх, эцэг эхчүүд, багш нар, сурагчдад зориулсан гарын авлага, тараах материал боловсруулж, сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Төсөл хэрэгжсэний үр дүнд хүүхэд, багачууд төдийгүй тэдний эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид өвдсөн хойноо эмнэлэгт хандах бус өвчнөөс өөрийгөө болон үр хүүхэд найз нөхдөө хэрхэн хамгаалж урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй болж  байна.

Дашрамд мэдээлэхэд,  хөгжингүй орнуудад амьжиргааны төвшин, эрүүл ахуйн стандарт сайжирч эрүүл мэндийн тусламж үйлчипгээний хүртээмж нэмэгдсэнтэй холбоотой хэрэхийн шалтгаант өвчин буурч, бараг устаад байгаа аж.

Ж.Болор

Related news