“АСЕМ-ын өдөр”-ийг Монгол Улсаас эхэлж тэмдэглэхээр боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-25 11:49:58

АСЕМ-ын Дээд түвшний анхны уулзалт 1996 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Бангкок хотноо зохиогдож байсантай холбогдуулан жил бүрийн энэ өдрийг “АСЕМ-ын өдөр” болгон тэмдэглэхээр өнгөрсөн жил Люксембургт хуралдсан АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаас тогтсон юм. Үүний дагуу Монгол Улсаас эхлэн энэ 3 дугаар сарын 1-нд “АСЕМ-“ын өдөр”-ийг тэмдэглэж эхэлнэ.

Манай улс АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт, АСЕМ-ын 20 жилийн ойг зохион байгуулах орны хувиар уг өдрийг АСЕМ-ын түүх, алсын хараа, онцлог, хэтийн зорилго, хандлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дотоод, гадаадын олон нийтэд хүргэх зорилгын хүрээнд тэмдэглэх нь зүйтэй хэмээн 2 дугаар сарын 23-нд ГХЯ-нд хуралдсан АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсгийн хуралдаанаас тогтлоо.

“АСЕМ-ын өдөр”-өөр дунд сургуулийн сурагчдад зориулсан видео хичээл, “АСЕМ Монголд” сэдэвт ТВ хэлэлцүүлэг, мөн АСЕМ-тай холбогдох үйл явдал, бэлтгэл ажлын талаар сэтгүүлч, олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой “Мэдээллийн төв”-ийг МОНЦАМЭ агентлагийн байранд нээх зэргийг төлөвлөж байна.

Энэхүү тэмдэглэлт өдөр нь АСЕМ-ын гишүүн орнууд төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд АСЕМ-ын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, ач холбогдлыг таниулах зорилготой бөгөөд энэ жил тохиож буй  АСЕМ-ын 20 жилийн ойг угтаж зарим улс  3 дугаар сарын 1-нд олон нийтийг хамарсан ажлууд зохиохоор төлөвлөжээ.

Тухайлбал Тайландад АСЕМ-ын 20 жилийн ойд зориулж 3 дугаар сарын 1-6-нд үзэсгэлэн гаргахаар бэлтгэж байна. Швейцарийн Гадаад хэргийн яамнаас АСЕМ-ын 20 жилийн ойд зориулсан хэлэлцүүлэг хийх бөгөөд манай улсад хандаж АСЕМ-ын түүх, ач холбогдол, ирээдүйн чиг хандлага, АСЕМ-ын талаарх байр суурь, хамтран ажиллах боломж зэргийн талаар хамтарсан нийтлэл бичиж, “АСЕМ-ын өдөр”-өөр олон нийтийн хүртээл болгох санал тавиад байгаа аж.

Related news