М.Мэтиссэн: АСЕМ-ын дээд түвшний уулзалт зохион байгуулах нь маш том сорилт

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-25 11:51:51

Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан Ахлах зөвлөх Майкл Мэтиссэн тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Гадаад Хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд мэдээлэл хийлээ.

Ноён Майкл Мэтиссэн Монголд хоёр дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд Монгол Улс АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад бэлтгэж байгаа ажлын явцтай танилцаж, зөвлөгөө өгөх зорилгоор ирсэн юм. Энэ удаагийн айлчлалын хүрээнд ноён Майкл Мэтиссэн дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга,  АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д. Ганхуяг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч  Ц.Энхцэнгэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нартай тус тус уулзаж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажил болон дагалдах уулзалтуудын талаар санал солилцож, зөвлөгөө өгчээ.

Өнөөдөр зохион байгуулсан хэвлэл бага хурлын үеэр ноён Майкл Мэтиссэн “АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулах нь аль ч орны хувьд маш том сорилт болдог. Энэ удаагийн Монголд зохион байгуулах уулзалтад Ази, Европын нийт 53 орны төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнууд ирж оролцохоос гадна АСЕМ-ийн 20 жилийн ой тохиож байгаагаараа ихээхэн онцлог болж байна. Монгол Улс уулзалтын бэлтгэл ажлыг маш сайн зохион байгуулж байна. Өмнө нь Монголын Засгийн газар олон улсын томоохон уулзалтуудыг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай. Тиймээс АСЕМ-ын уулзалтыг амжилттай зохион байгуулж чадна гэдэгт итгэж байна” гээд Европын Холбооны зүгээс Монгол Улсыг АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах асуудлаар тууштай дэмжиж ажиллахыг илэрхийлсэн юм.

Мөн “АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт хоёр жил тутамд Ази, Европын орнуудад ээлжлэн зохион байгуулагддаг. 2012 онд Лаос хотод, 2014 онд Милан хотод зохион байгуулсан. АСЕМ-ын хурлын үеэр зөвхөн удирдагчдын уулзалтаас гадна Сангийн сайд, Гадаад хэргийн сайд, Боловсрол, соёлын сайд зэрэг олон уулзалт зохион байгуулдаг. Эдийн засаг, соёл нийгэм, улс төрийн гэсэн гурван үндсэн тулгуур баганатай. Тиймээс АСЕМ-ыг зохион байгуулах нь тухайн улс орны хувьд ихээхэн ач холбогдолтой, давуу талтай” гэлээ.

Ноён М.Мэтиссон АСЕМ-ын логог Монгол үндэснийхээ  хэв маяг, утга агуулгаар баяжуулсан нь нүдээ олсныг хэлээд бүтээлч санал санаачлага болсныг тэмдэглэв. 

АСЕМ-ын уулзалтыг угтаж зохион байгуулах томоохон арга хэмжээний түрүүч нь ирэх дөрөвдүгээр сарын 21-22-нд Улаанбаатар хотно болох Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт юм. Өнөөдрийн байдлаар уг уулзалтад ирж оролцохоо 20 гаруй улс албан ёсоор илэрхийлсэн бөгөөд дийлэнх нь парламентын дарга нар байх аж.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Related news