Амьжиргааны түвшин доогуур өрхийн ахмадуудыг сувилалд үнэгүй амраана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 14:57:13

Сүхбаатар аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дэргэдэх сувилалд ахмадууд их хамрагддаг. Гэвч амьжиргааны түвшин доогуур өрхийн ахмадууд сувилалд амрах боломжгүй байдаг. Тиймээс дээрхи бүлгийн ахмад настаныг халамжийн сангаас 100 хувь дааж 6 хоног сувилалд амруулахаар болжээ.

2013 оны судалгаагаар Сүхбаатар аймгийн хэмжээнд 4600 ахмад настан байгаа гэнэ. Өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгаа, өрхийн мээдээллиин сангаас харахад 6-р түвшин, түүнээс доош буюу амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 1800 ахмад байгаа бөгөөд эдгээр ахмадыг сувилалд хамруулах бодлого баримталж байгаа юм.

Нэг ахмадад өдөрт 21000 төгрөгийн зардал гарч байгаа. Үүний 8000-ийг тухайн хүн өөрөө төлнө, үлдсэн хэсэг халамжийн сангаас гарах ёстой. Өөрөөр хэлбэл энэ нь 8000 төгрөгөө өгөх боломжгүй ахмадад хамаарна. 6 хоногийн хугацаанд тухайн  ахмадад халамжийн сангаас зориулагдах мөнгө гарсан гэсэн үг. 10 хоног амарна гэвэл үлдсэн 4 хоногийн зардлаа хувь хүн гаргаад амрах эрх нь нээлттэй.

НХҮХ-ийн дэргэдэх ахмадын сувилал нь 2014 оны 10-р сард байгуулагдсан. Түүнээс хойш 580 ахмад амарчээ. Тус ахмадын сувилал нэг ээлжиндээ 26 хүн хүлээн авах боломжтой. 291 ахмад өөрсдөө 8000 төгрөгөө нэмж төлж амарсан. Харин 289 ахмадыг өөрсдийнх нь ажиллаж байсан албан байгууллага ахмадаа амраах байдлаар амраасан байна. Мөн тухайн багаас сонгогдсон төлөөлөгч нар ахмадуудаа амраах явдал байдаг гэнэ. 

Т. Одончимэг

Related news