Б.Моломсамбуу агсны нэрэмжит тэмцээн 6 дахь жилдээ зохион байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-29 15:57:57

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харъяат Спортын дэд мастер, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, аймгийн арслан Батын Моломсамбуу агсны нэрэмжит 2016 оны жүдо бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Тэмцээний 15 жинд, Аймгийн Биеийн тамир спортын газар /БТСГ/, Онгон, Мөнххаан, Дарьганга, Түмэнцогт, Уулбаян, Халзан, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Сүхбаатар сум, МСҮТ, Баруун урт сумын 1,3,4-р сургууль зэрэг нийт 14 байгууллагын 160 гаруй тамирчин өрсөлдөж дүнгээ гаргасан байна.

Багийн дүнгээр эрэгтэйчүүд 1-р байрыг А. Сувд-Эрдэнэ дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн БТСГ, 2-р байрыг Энхтөр дасгалжуулагчтай Дарьганга сум, 3-р байрыг А.Батхишиг дасгалжуулагчтай Мөнхаан сумын баг эзэлсэн бол эмэгтэй төрөлд багийн дүнгээр 1-р байрыг А.Сувд-Эрдэнэ дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн БТСГ, 2-р байрыг Ш.Батболд дасгалжуулагчтай Сүхбаатар сум, 3-р байрыг Энхтөр дасгалжуулагчтай Дарьганга сумын баг тус тус эзэлсэн байна.

Тэмцээний эрэгтэй шилдэг тамирчнаар БТСГ-н тамирчин Т.Авгаансамдан, эмэгтэй шилдэг тамирчнаар Сүхбаатар сумын Д.Адъяасүрэн нар шалгарсан байна. Тус тэмцээний үеэр жүдо бөхийн спортын дэд мастерын болзол хангасан Н.Төмөрт спортын дэд мастерын үнэмлэх тэмдгийг гардуулан өглөө.

Энэхүү тэмцээн нь зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Шагналыг Б.Моломсамбуу агсны хань, үр хүүхэд, ач зээ нар нь хүрэлцэн ирж гардуулсан юм.

Т. Одончимэг

Related news